Хот, суурин газрын хувьслын тойм

Эртний хүмүүс ан гөрөө хийж, байгалийн тааламжтай орчин, нөхцөл эрж нүүдэллэн амьдардаг байв. Хүмүүс ихэвчлэн хамтарч ан гөрөө хийх, хоол хүнсээ хуваан хэрэглэх зорилгоор цуглардаг байжээ. Одоогоос 8000 –аас 10,000 жилийн өмнөөс зэрлэг амьтад гаршуулан эдэлгээ хэрэгцээндээ хэрэглэх, газар тариалан эрхлэх зэргээр хамтран амьдарч эхэлснээр анхны түр хугацаанд оршин суух системчилсэн суурин соёл, аж төрөх ёс бүрэлдэж эхлэв.

Төрөл бүрийн хэрэгцээ шаадлагаас үүдэлтэй янз бүрийн зориулалт бүхий хотууд үүсэж бий болдог бөгөөд тухайн хот хэрхэн оршин тогтнож буй цогц үйл ажиллагаанаас хамаарч хотын хэлбэр тодорхойлогддог билээ. Энд худалдаа үйлчилгээний зориулалттай төв хотууд, аж үйлдвэрийн зориулалттай дагуул хотуудыг жишээ болгон дурдаж болох юм. Мөн хот тэлэхийн хэрээр хотын нутаг дэвсгэрийн гадна хүрээлж орших хөдөө аж ахуйн зориулалттай газрууд хотын нутаг дэвсгэр болж өөрчлөгдсөөр иржээ.

Алс газруудаас авч ирсэн худалдаа арилжааны эд зүйлсийг тухайн орон нутгийн бараа таваараар арилжих худалдааны байршилуудыг түшиглэж, тойрог хэлбэрээр эртний хотууд тэлэн хөгждөг байв. Түүхэн хөгжлийн явцад худалдаа наймааны замуудын уулзвар; гол, мөрөн, далай тэнгисийн тээврийн зогсоол цэгүүд буюу боомтууд түшиглэж хотууд үүсэн хөгжиж байв.

Шашин, шүтлэгийн холбогдолтой эд зүйлс хот, суурин газрын түүхэнд чухал байр эзэлдэг. Эртний иргэд ихэвчлэн хотын нутаг дэвсгэрт орших оршуулгын газар, бунхан зэрэг газар нутгийг ариун газар гэж онцгойлон авч үздэг байв. Дийлэнх эртний хотуудад томоохон хэмжээний талбай тойрсон сүм, шашны барилгуудын чуулбар бүхий олон нийтийн талбай байдаг. Дундад зууны Европын маш олон хотууд сүм, дуган түшиглэн үүсэж хөгжсөн түүхтэй. 

Эртний хотуудын удаах нийтлэг үүрэг зориулалт бол гадны гэнэтийн аюул түрэмгийллээс өмч хөрөнгөө хамгаалах бэхлэлт хүрээ босгох зорилготой байв. Дайн тулааны шинэ технологи, техник хэрэгсэл хөгжиж галт сум, алсын тусгалтай пуужингаас хамгаалах хана хэрэм үүрэг зориулалтгүй болох хүртэл олон мянган жилийн турш бэхлэлт хүрээ хэлбэрээр хотууд өргөжин тэлж байлаа. Алсын зайнаас, агаараас довтлох дайн тулааны энэ эрин үед хана хэрэмтэй хотын нутаг дэвсгэр хамгаалалт бэхлэлт гэхээс илүү хамгийн аюултай цэг болж хувирчээ. 

Хот, суурин газрууд мөн засаг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэдэг. Засаг захиргааны төв  нэгжүүд байрласан нутаг дэвсгэрт нийслэл хотын үнэлэмж бий болно. Эдийн засгийн үйл ажиллагаанууд, төрөл бүрийн оршин суугчид болон тэдний ур чадварын төвлөрөл болох хот, суурин газар хүн төрөлхтний соёл, урлаг, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн үндэс суурь болсоор ирсэн. Аливаа хот хүрээлэн буй газар нутаг, гадаад ертөнцөд шинэ мэдлэг, мэдээлэл түгээх харилцаа холбооны төв болдог.

Хот, суурингууд үүссэн газар зүйн байршил болон хотуудын дотоод бүтэц нь газрын гадарга болон байгалийн тогтоц дагасан зөрөг зам, жимүүдээс үлэмж хамааралтай. Бага зэргийн газрын гадаргын налуутай нутаг дэвсгэр хот байгуулалтад хамгийн тохиромжтой хэдий ч зарим уул, толгод, гүвээ дамнасан нутаг дэвсгэрт бүрэлдэж хөгжсөн сонирхолтой хотуудын жишээ цөөнгүй байдаг билээ. Энд Афин, Сан Франциско, Рио де Жанейро хотуудыг дурдаж болох юм.
Хотын дүр төрх, хэлбэр бүрэлдэхэд байгаль цаг уурын нөлөө тод тусгалаа үлдээдэг. Халуун дулаан уур амьсгалтай хотуудын гудамж, замуудыг салхины зонхилох чиглэл дагуу төлөвлөдөг туршлага өргөн тархжээ.
Хотууд ундны усны тогтмол, тогтвортой хангамжтай байх ёстой бөгөөд ихэвчлэн гол мөрний эрэг дагуу, эсвэл гүний усны эс үүсвэртэй газруудад хот, суурин үүсэж бий болдог. Орчин үеийн маш олон том хотууд тухайн газар нутгийн усан хангамжаар ундны болон ахуйн хэрэглээний усны хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүртэл өргөжин хөгжсөн бөгөөд хөрш зэргэлдээ нутгаас шугам хоолойгоор дамжуулан хэрэгцээний усан хангамж татаж авах болжээ.
Хот, суурин төлөвлөхдөө газар хөдлөлт, үер, хар салхи гэх мэтчилэн тодорхой хугацааны давтамжтай байгалийн гамшгийг хохирол багатай давж гарах боломж бүрдүүлж төлөвлөсөн байх шаардлагатай. 

Хүн төрөлхтний бүтээн байгуулсан анхны хотын түүхийг олж тогтоох маргаан дагуулсан сэдвийн төгсгөл үгүй хэдий ч олон судлаачид анхны "жинхэнэ" хот, суурин газрын хэв шинж агуулсан эртний хот бол манай эриний өмнөх (МЭӨ) 3000 гаруй жилийн өмнө одоогийн Египетийн нутагт оршиж байсан Месопотамиа хот гэж үздэг. 
Эртниий хотуудад нийгмийн элит, дээд давхаргынханд зориулсан барилга байгууламжууд, сууцны бүсүүд тэгш хэмт эмх цэгцтэй хэлбэр дүрс бүхий эдэлбэр газруудад эрчимтэй үүсэн хөгжиж байв. Үүний эсрэгээр нийгмийн дунд, доод давхаргынханы сууцны зориулалттай хороод тэгш хэмгүй, холилдсон хэлбэр дүрс бүхий нутаг дэвсгэрт харьцангуй удаан хурдацтайгаар, өөрөө хэлбэл аажим, органик байдлаар бүрэлдэн хөгжиж байв. Эртний хотуудад нийтлэг оршиж байсан биет бүрдэл хэсгүүдийн нэг бол хана, хэрэм юм. Дийлэнхдээ дайн тулалдааны гэнэтийн аюулаас хотын хүн ам, нутаг дэвсгэрийг хамгаалах зориулалттай байжээ. 

Эртний Грекийн хотуудад газар зохион байгуулалт, хотын газар нутаг тэлэлтийн нийтлэг дүрх төрх байсангүй. Жижиг тосгон хэлбэрийн суурин газруудын хүн ам нэмэгдэж, нутаг дэвсгэр өргөжин тэлэхийн хэрээр аажимдаа хот, суурингийн хэлбэрт шилжин хөгжиж байв. Ромын эзэн гүрний үеийн хот, суурин газрууд мөн л үндсэндээ албан бус, багширсан, органик газар ашиглалтын хэв байдлаар өргөжин хөгжиж байсан хэдий ч зарим тухайлсан сүм хийдийн ойр орчим, олон нийтийн зориулаллтай бүсүүдийг маш өндөр түвшинд төлөвлөсөн зураг төслийн дагуу хөгжүүлж байв. Археологийн баримт, бичвэр эх сурвалжуудаас үзэхэд Ромын үеийн суурьшлийн хэлбэрүүд дотроос цэргийн хуарангуудын газрыг онцгойлон торон загвартай ойролцоо хувилбаруудаар зохион байгуулдаг байж. 
Харин хожим колоний үеийн шинэ хотууд газар ашиглалтын торон системийн дагуу өргөжин хөгжиж байв. Торон системийн давуу тал нь хотын нутаг дэвсгэрийн эдэлбэр газруудыг илүү хялбар байдлаар хуваах, нэгтгэх боломж бүрдүүлдэг.

Дундад зууны үеийн хотуудын нийтлэг дүр төрхийг илэрхийлэх зүйлс бол бага хэмжээний өргөнтэй, урт гудамжууд, мөн сүм эсвэл худалдаа наймааны цэгүүдийн зэргэлдээх олон нийтэд зориулсан задгай талбай юм. Энэ үеийн, ялангуяа өрнөдийн хэдэн зуун хот суурингууд ийм төрх хэлбэрээр оршин тогтнож өнөөдрийг хүрчээ. Хот, суурингуудын төв хэсгийн бэхлэлт хана хэрэм хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, нөгөөтэйгүүр хотын төв тэлж, хөгжих үйл явцыг зогсоох буюу удаашруулахад нөлөөлж байв. 

Сэргэн мандалтын үеийн хот, суурингуудын хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтанд архитекторуудын оролцоо үлэмж нэмэгдсэнээр хотыг гоо зүйн үүднээс төдийгүй олон төрлийн ялгаатай үйл ажиллагаануудын нэгдэл байдлаар авч үзэх болж тэгш хэмтэй, геометрийн зөв дүрс хэлбэр бүхий газар ашиглалтын үзэл санаанууд тусгах болов. Жишээ болгон Ром, Италийн олон тооны хотуудыг энд дурдаж болох юм. Эртний хотуудаас өвлөж ирсэн шигүү, органик хэлбэр дүрс зонхилох эдэлбэр газруудыг сэргэн мандалтын цаг үед дахин төлөвлөж гоёмсог талбай, урт өргөн чөлөө, тэгш хэмтэй барилга байгууламжуудын чуулбар байдлаар хөгжүүлж байв. 15 дугаар зууны үеийн хотуудын галт суман довтолгооноос хамгаалсан хэрэм ханыг тойруулж сумны тусгалын зайг нэмэгдүүлэх зорилгоор газар шорооны ажлууд ихээр хийгдэж байлаа.

17 -оос 18 дугаар зууны дунд үеийн Ром, Италиас үүсэлтэй барокко үеийн Европын хотуудад хэт сүрлэг засаг захиргааны барилга, байгууламжууд, маш урт өргөн чөлөө, тойрог хэлбэрийн гудамж замууд, түүхэн дурсгалын хэв шинжтэй хувийн болон олон нийтэд зориулсан талбай, геометрийн үндсэн хэлбэр дүрстэй цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг хотын орон зай бүрдүүлэх асар том хэмжээний эд зүйлс, орон зай бүтээн байгуулж эхлэв. Барокко цаг үеэс хойно ч гэсэн эдгээр үлэмж том хэмжээний эд зүйлс, орон зай бүтээн байгуулах зарчим үргэлжилсээр байсан түүхтэй. Үүний тод жишээ бол 1853 –аас 1870 оны хооронд Барон Ауссманы удирдлагаар дахин төлөвлөгдсөн Парис хотын томоохон төв талбайнууд, тэдгээрийг холбосон өргөн чөлөө, тойрог хэлбэрийн гудамж, замууд юм. 

18 дугаар зууны дундаас эхлэн өрнөдийн, ялангуяа Америкийн хотуудад худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж газрын үнэ цэнэ нэмэгдэх болсноор хотын барилгажилтад газрын эздийн шийдвэр чухал нөлөөлөх болж банк, албан газар, агуулах, зочид буудал болон жижиг үйлдвэрийн барилгууд олноор баригдаж эхлэв. 
Газрын арилжаа наймаа газар авч хот, суурингуудын дүр төрх бүрэлдэх үйл явцад хөрөнгө оруулагчдын шийдвэр ихээхэн нөлөөлөх болов. Түүх, соёлын үнэ цэнэ, тухайн хотын засаг захиргааны хүч нөлөө гэхээс илүүтэйгээр чөлөөт зах зээлийн зарчмаар газрын үнэ цэнэ бүрэлдэж, үүнээс үүдсэн хотын шинэ дүр төрх бий болж эхлэв. 1920-иод оны Америкийн Нэгдсэн Улс (АНУ) -ын худалдаа, үйлчилгээний үндсэн үүрэг зориулалттай Нью Йорк, Филаделфия, Бостон хотуудыг жишээ болгон дурдаж болно.

Аж үйлвэрийн хувьсгалын үрээр өрнөдийн хот суурингууд хурдацтай хөгжиж эхлэв. Уурын хөдөлгүүрт тэрэг, усан онгоц, шинэ техникүүд хөгжихийн хэрээр хотын газар нутаг тэлж, хүн амын цэвэр өсөлтөөс илүү механик өсөлт хурдацтай нэмэгдэж; хотын дэд бүтэц бараадсан хүнд болон хөнгөн үйлдвэрүүд шинээр байгуулагдаж хотын эдийн засаг өмнө байгаагүй хурдаар өсөх болов. Хөдөө нутгийн олон мянган өрх айлууд фермерийн аж ахуйгаа орхин шинэ аж үйлдвэрүүдэд ажил эрхлэхээр хот суурин бараадан нүүж эхэлжээ. Төмөр замын тээвэр хүн амын шилжилт хөдөлгөөнд онцгой үүрэг гүйцэтгэж байлаа. Усан замын тээврээр олон зуун цагаач иргэд Европоос АНУ-д шилжин ирж хотуудын хүн амыг механикаар нэмэгдүүлж байв. 1840 оны байдлаар 313,000 байсан Нью Йорк хотын хүн ам 1910 он гэхэд 4,767,000 болж өсөв.  Төвлөрөл нэмэгдэхийн хэрээр хотын эдийн засаг үндэсний болон олон улсын хэмжээнд хүртэл өсөн нэмэгдэж байсан.
Төрөл бүрийн салбарт шинээр гарч эхлэсэн технологийн дэвшил хотын дүр төрхөд өөрчлөлт дагуулсаар байв. Төмөр замын шугамууд хотын төв хэсэгт хүртэл байгуулагдаж, дотоодын төмөр замын сүлжээнээс хамааран хотын нутаг дэвсгэр тэлж эхлэв. Цахилгаан шуудан, телефон утсан харилцаа холбоо нэвтэрснээр өмнө нь зөвхөн төвлөрсөн байршилд зохион байгуулах боломжтой байсан хотын үйл ажиллагаанууд илүү өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрших боломжтой болов. Гэсэн хэдий ч дийлэнх аж үйлдвэрийн хотууд албан газрын олон давхар барилгууд, тодорхой тооны үйлдвэр, агуулахын барилга байгууламжууд бүхий хотын төвийн нутаг дэвсгэрт төвлөрсөн хэвээр байв. Хотын төв хэсэгт тролейбус болон галт тэрэгний сүлжээ нэвтэрч худалдаа, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанууд төвлөрөх болов. Ажилчин анги давхрагынхан ажлын байртайгаа ойролцоо, хотын төвийг тойрсон шигүү суурьшил бүхий сууцны хорооллуудад амьдарч байлаа.
Америкийн эхэн үеийн аж үйлдвэрүүд дийлэнхдээ том хотуудын нутаг дэвсгэрээс гадуур усан цахилгаан станцын эх үүсвэр бүхий гол мөрөний эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байв. 1880-аад оноос анхны төвлөрсөн цахилгаан станц хотын хэрэгцээнд зориулан цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэв. 1930 -аад оноос уурын цахилгаан станц өргөн хэрэглэж эхлэв.

Технологийн дэвшил хурдсах хэрээр хотын дүр төрхөд маш өргөн хүрээний өөрчлөлтүүд гарах болсон. Галт тэрэгний зам хотын төв хүртэл хүрч очих болов. Энэ үеээс эхлэн хотын доторх галт тэрэгт тээврийн сүлжээ далайцтай өргөжиж хот орчмын бүс нутгийн хамрах хүрээг тэлжээ. 1830-аад оны эхэн үеээс зорчигч тээврийн галт тэрэгнүүд дунд давхаргын иргэдийг хотын төв хэсэгт тээвэрлэж эхлэв. Мөн 1830 – 1880 аад оны хооронд морьт хөсөг бүхий тээврийн хэрэгслээр дунд давхрагын иргэдийг хотын захын нутаг дэвсгэрүүд хүртэл тээвэрлэж байжээ. Хотын нутаг дэвсгэрт оршин суух хүн ам, мөн хүрээлэн буй орчны эд зүйлсийн хэт төвлөрөл, орчны бохирдол, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэг нэмэгдэх хэрээр эрүүл орчин болох хотын захын нутаг дэвсгэрүүд рүү нүүх хүн амын шилжилт хөдөлгөөний сонирхол нэмэгдэх болсон. Нийгмийн дээд давхрагынхан, чинээлэг иргэд хотын захын эрүүл орчин, нөхцөлтэй нутаг дэвсгэрт үргэлж давхар амьдарсаар ирсэн билээ. 

19 дүгээр зууны сүүл үе гэхэд зарим чиглэлийн аж үйлдвэрүүд хотын нутаг дэвсгэрээс гадуур үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ зарим аж үйлдвэрийн хотууд өнөөдөр ч гэсэн  албан газрын олон давхар барилгууд, тодорхой цөөн тооны үйлдвэр, агуулахын барилга байгууламжуудаас бүрдсэн худалдаа, үйлчилгээний төвийн хэсэгт төвлөрсөөр байна. 
1870 –аас 1900 оны хооронд хотын төвийн албан газар, үйлчилгээний дүүргүүдийн дүр төрхөд шинэ хэлбэр бий болсон нь тэнгэр баганадсан өндөр барилгууд бүхий нягтрал өндөр бүсүүд байв. Ган, төмөр бүтээц болон цахилгаан шатны технологи үүсэж, хэрэглээнд нэвтрэх хүртэл өндөр барилга барьж байгуулах боломжгүй байжээ. Тэнгэр баганадсан барилгууд үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үнэлгээнд шинэ эргэлт авч ирсэн юм. Учир нь өндөр барилга барьсанаар хязгаарлагдмал талбай бүхий эзэмшил газартаа хамгийн өндөр эдийн засгийн үр ашиг хуримтлуулах боломж бүрдэв. Ингэж дийлэнхдээ банк, санхүү, удирдлага менежмент, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгуулага, албан газрууд хотын төвийн өндөр барилгуудад төвлөрч эхэлжээ.

Хэдийгээр 19 дүгээр зууны сүүлээс эхлэн шинэ хотууд бараадсан олон мянган цагаач иргэд хотын алслагдсан дүүргүүдэд суурьшиж эхэлсэн боловч Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хотын захын хорооллуудын хүн ам эрчимтэй нэмэгдэх болсон. Энэ нь автомашины хэрэглээ, хурдны замуудын бүтээн байгуулалт нэмэгдсэнтэй холбоотой юм. Хувийн автомашины хэрэглээ нэмэгдэх хэрээр ажилчдын сууцны хорооллууд төвийн худалдаа, үйлчилгээний дүүрэгтэй зэргэлдээ орших шаардлагагүй болж эдийн засаг, банк санхүүгийн салбарын ажилчид хотын захын шинэ хорооллуудаас хурдны замаар ажилдаа ирж буцах болов. Аж үйлдвэрийн хувьсгалын үед хотын төв хэсэгт төвлөрч байсан үйлдвэр, бөөний худалдааны чиглэлийн барилга байгууламжууд мөн хурдны болон төмөр замын сүлжээгээр холбогдсон хотын алслагдсан нутаг дэвсгэрүүдэд шилжин байрших болсон. Орчин үеийн хотуудын нутаг дэвсгэр хоёр үндсэн хэлбэрт ангилагдаж байна. Хуучин аж үйлдвэрийн хотуудаас үлдсэн хил хязгаар бүхий төвийн хэсэг ба автомашины хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн 1920-иод оноос үүсэж бий болсон хотын захын нутаг дэвсгэр гэсэн үндсэн хэлбэрээр ангилах боломжтой.
АНУ-ын хурдны замын үндсэн сүлжээг 1950 – 1960 -аад онд бүтээн байгуулжээ. Энэ үед мөн хотын төвийн нутаг дэвсгэрийн хуучин бүтээн байгуулалтуудыг буулгах, дахин шинээр барьж байгуулах “давлагаа” явагдаж эхлэсэн. Дийлэнх хотуудын хуучин нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хэрэгжүүлэх иж бүрэн үйл ажиллагаанууд хэрэгжиж албан газрын шинэ барилгууд, худалдаа үйлчилгээний төвүүд, зочид буудлууд болон спортын байгууламжууд баригдаж эхэлжээ. 

Хүн төрөлхтөн эдүгээ метрополисийн дараагийн шатны хот суурин газрын хөгжлийн түүхэн цаг үетэй нүүр тулж байна. Ихэнх том хотууд уламжлалт хот төлөвлөлтийн үзэл баримтлалаар цааш хөгжихөд бэрхшээлтэй болжээ. Том метрополисууд олон төвт бүс нутгийн загвараар хөгжих шилжилт үргэлжилсээр байна. Үнэн хэрэгтээ эдгээр бүс нутгийн хэмжээний тэлэлтийн үйл явц тухайн хотуудын бодит хэрэгцээнээс давсан хязгааргүй өргөн орон зайг хамарч байгаа юм. Энэхүү тэлэлтийн үзэгдлийг Франц газар зүйч Шон Готтман "Мегаполис бүрэлдэх үйл явц" хэмээн тодорхойлсон. Хамгийн тод жишээ бол АНУ-ын зүүн эргийн Бостон хотоос Вашингтон хот хүртэлх тасралтгүй үргэлжилсэн хот, суурингуудын гинжин тэлэлт бүхий нутаг дэвсгэр юм. Хэт өргөн уудам орон зай дамнасан хотуудын мега орон зай үүсэх үйл явц 20 дугаар зууныг дуустал тасралтгүй үргэлжилнэ хэмээн Грек архитектор, хот төлөвлөлгч К. А. Доксиадис таамаглаж байжээ. Америкийн хот төлөвлөгчид энэхүү тэлэлтийн үйл явцыг зогсоох буюу зохистой хэмжээнд удирдан жолоодох оновчтой шийдэл хараахан олоогүй байна. Харин Их Британи, Скандинавийн орнууд гэх мэт Европын зарим улс орнууд шинэ хот, суурин болон ногоон бүсийн хууль тогтоомж, төлөвлөгөөнүүдээр дамжуулан хотын нутаг дэвсгэр хяналтгүй тэлэх явцыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.


2013 он