The Image of the City [Хотын дүр зураг]

Номын нэр: The Image of the City (Хотын дүр зураг)

Зохиогч: Kevin Lynch A. (Кевин Линч)

Он: 1960

Хэвлэлийн газар: The MIT Press (Массачусетсийн Технологийн Институтын Хэвлэлийн газар)


Америкийн Нэгдсэн Улсын зүүн хойд эргийн Массачусетс мужын Массачусетсийн Технологийн Институтын профессор, хотын онолч Кевин Линч Америкийн хот, суурингуудын талаар таван жилийн турш судалсан урт хугацааны судалгааны ажлын үр дүндээ үндэслэн “Хотын дүр төрх” хэмээх ном бичиж, 1960 онд хэвлүүлжээ. Энэхүү ном нь хот, суурин газрын судалгаа, шинжилгээ, хот төлөвлөлтийн салбарын хамгийн чухал, нөлөө бүхий номын жагсаалтанд багтдаг, архитектур, хот төлөвлөлтийн салбарын оюутан, судлаачид төдийгүй хот байгуулалтын салбарын бүтээн байгуулагч хэн бүхэн заавал унших хэрэгтэй чухал номуудын нэг юм.

Зохиогч Кевин Линч анх архитектор мэргэжил эзэмшихээр Йэлийн их сургуульд элссэн хэдий ч удалгүй сургуулиа бүрэн дүүргэлгүй орхин архитектурын мэргэжлийн урлангуудад дагалдан хийж, Рэнсэлэрийн политехникийн институтэд элсэн суралцаж, АНУ-ын армийн инженерийн корпуст алба хаасны эцэст Массачусетсийн Технологийн Институтэд элсэн суралцаж, 1947 онд бакалаврын зэрэг хамгаалан хот төлөвлөлтийн мэргэжил эзэмшижээ. Түүний бичиж хэвлүүлсэн бүтээлүүд аливаа хот, суурин газрын орон зай ба нийгмийн асуудлууд, хотын орон зай, орчны талаар энгийн иргэд, оршин суугчид хэрхэн ойлгодог, хотын дүр зураг хэрхэн бүрэлддэг, мөн тухайн ойлголт, дүр зургийг дүрслэн үзүүлэх боломжтой оюун санааны зураглалын арга зүйн талаар сэдвүүдийг онцгойлон хөндөж, эдгээрийн хэрэглээний ач холбогдлыг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд төдийгүй олон нийтэд нээлттэй танилцуулах чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

“Хотын дүр зураг” ном дараах 5 бүлэг, 3 цуврал Хавсралт, Ном зүй, Нэр томьёоны товьёг гэсэн хэсгүүдээс бүрднэ. Бүлгүүд:

Нэгдүгээр бүлэг. Хүрээлэн буй орчны дүр зураг

Хоёрдугаар бүлэг. Гурван хот

Гуравдугаар бүлэг. Хотын дүр зураг ба түүний элементүүд Дөрөвдүгээр бүлэг. Хотын хэлбэр

Тавдугаар бүлэг. Шинэ хэмжээс


Нэгдүгээр бүлэг. Хүрээлэн буй орчны дүр зураг


Энэ бүлэгт хүрээлэн буй орчин цаг хугацааны туршид хэрхэн хувьсаж өөрчлөгддөг, хот, суурин газрын өөрчлөлтийг урт цаг хугацааны мөчлөгүүдэд хуваан авч үзэх ойлголт, хүмүүс хүрээлэн буй орчныг хэрхэн мэдэрч, хүлээж авдаг тухай ерөнхий ойлголтуудыг тайлбарлаж, дараагийн сэдвүүд рүү хөтөлнө.


Хотын дизайн бол цаг хугацааны хэсэг мөчлөгт хамааралтай урлаг юм. ... Бид хором бүрт нүдээрээ харж, чихээрээ сонсож чадах зүйлсээс гадна цаашид нарийвчлан судлах шаардлагатай хүрээлэн буй орчин, түүний дүр зураг бидний эргэн тойронд оршин байдаг. Дангаараа оршин буйгаар бидэнд хүрч мэдрэгддэг нэг ч зүйл байдаггүй. Хүрээлэн буй орчин, үйл явдлуудын дараалал бидний өмнө туулсан үйл явдлын дурсамжуудтай цаг үргэлж холбогддог. ... Хотын иргэн бүр хотынхоо ямар нэг хэсэгтэй урт хугацааны туршид холбоотой байдаг бөгөөд тухайн хотын дүр зураг түүний дурамж, утга учирт шингээстэй байдаг билээ. (Линч, 1960: 1)


Дараагийн хэсэгт Хотын ойлгомжтой байдал, Хотын дүр зураг бүрдүүлэх нь, Хотын бүтэц ба онцлог байдал, Хотын дүр зураглалт байдал гэсэн дөрвөн асуудлыг системтэйгээр тайлбарлан авч үзжээ. Хүрээлэн буй орчныг мэдэрч, хүлээж авах нь орчны эд зүйлс төдийгүй тэдгээрийг мэдэрч, хүлээн авч буй хүний хоорондох хоёр чиглэлийн харилцан хамааралтай үйл явц бөгөөд хүрээлэн буй орчныг бүрдүүлж буй зүйлс эмх цэгц, эрэмбэ дараатай байснаар мэдэрч, хүлээн авч буй хүнд нийцтэй, тухтай мэдрэмж төрүүлэх боломжтой гэдгийг Хотын ойлгомжтой байдал (legibility) хэсэгт дурдсан. Мөн энэ хэсэгт аливаа хот, суурин газрууд Дундад зууны хот, Аж үйлдвэрийн үеийн хот, Социализмын үеийн хот гэх мэтчилэн цаг хугацааны хэсэг мөчлөг бүрээр ялгарах ерөнхий хэлбэрээр тогтмол оршин тогтнож байдаг ч хотын жижиг эд зүйлсийн түвшинд цаг үргэлж тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг тухай чухал ойлголтыг дурдсан.


Хотын орчинд хөдлөж, өөрчлөгдөж буй зүйлс, ялангуяа хүмүүс, тэдний хийж буй үйл ажиллаганууд хөдөлгөөнгүй, тогтмол биет эд зүйлсээс дутахааргүй чухал юм. Бид энэхүү өөрчлөлт, хөдөлгөөнт үзэгдлийн зөвхөн үзэгч төдийгүй, өөрсдөө үүний нэг хэсэг нь болж бусад оролцогчидтой хамт тайзан дээр амьдарч байдаг. Хотын тухай бидний ойлголт дийлэнхдээ үргэлжилсэн бус харьцангуй хэсэгчилсэн, бусад асуудлуудтай холилдсон хэлбэртэй байна. Бидний бараг бүхий л мэдрэмжүүд зэрэг ажиллаж, тэдгээрийн нийлбэр үр дүнд хотын дүр зураг бүрэлддэг.

Хот бол зөвхөн нийгмийн олон мянган анги давхарга, онцлог хүмүүсийн ойлгон хүлээж авч буй биет зүйл бус, өөрсдийн хэрэгцээнд зориулан хотын бүтээн байгуулалтуудыг тогтмол өөрчилж буй олон зуун хүмүүс хамтран бүтээж буй бүтээл юм. Хот хэсэг хугацаанд ерөнхий хэлбэрээрээ тогтмол оршин байж болох ч нарийвчилсан жижиг зүйлсийн түвшинд тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг. Хотын хэлбэр, өсөлт хөгжлийг зөвхөн хэсэгчилсэн төлөвлөгөө, хяналтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой. Эцсийн үр дүн гэж байхгүй бөгөөд зөвхөн үе шатуудын тасралтгүй залгамж холбоо оршиж байдаг.

Хүрээлэн буй орчныг бүтэц, бүрэлдэхүүнээр задлан ойлгож, тодорхойлох нь бүх хөдөлгөөнт амьтадын амин чухал чадвар юм. Үүний тулд биетийн хөдөлгөөн, хэлбэр, өнгө харах мэдрэмж, гэрлийн туйлшрал, үнэр, дуу чимээ, хүрэлцэхүй, биеийн хөдөлгөөн, татах хүч мэдрэх мэдрэмж, мөн магадгүй цахилгаан болон соронзон орон мэдрэх мэдрэмж гэх мэт олон төрлийн дохио хэрэглэдэг. (Линч, 1960: 2)

Сайн зохион байгуулалттай хүрээлэн буй орчны дүр зураг түүнийг мэдэрч буй хүний хувьд сэтгэл хөдлөлийн таатай байдал мэдрүүлнэ. Хүн гадаад ертөнц болон өөрийнхөө хоорондох харилцааны нийцтэй зохицолыг өөрөө бүтээж чадна. Энэ бол газар орны баримжаагаа алдахад төрдөг айдастай адил зүйл юм. Гэр зөвхөн дотно байхаас гадна онцгой байх үед гэрийн тухай тааламжтай мэдрэмж хүчтэй байдаг. (Линч, 1960: 5)


“Хотын дүр зураг бүрдүүлэх нь” хэсэгт ямар нэгэн бодит орчныг хүн бүр харилцан адилгүй, субьектив байдлаар харж, мэдэрдэг байх боломжтой талаар дурдаж, аль болох олон хүн ам буюу хотын олон нийтийн дунд хэрхэн нийтлэг дүр зураг бүрэлддэг талаар судлах үндсэн зорилго, мөн энэ нь хотын дүр зураг бүрдүүлэхэд ямар ач холбогдолтой талаар дурдсан.


Хүрээлэн буй орчны дүр зураг нь хүрээлэн буй орчин болон түүнийг ажиглаж буй хүний хоорондох хоёр чиглэлийн харилцааны үр дүн юм. Хүрээлэн буй орчин ялгарал, харилцан хамаарал бүрдүүлж, харин өөрийн зорилготой, аливаа орчинд сайн дасан зохицох чадвартай хүн харж буй зүйлстээ утга учир өгч, хараагаа удирдаж, юу харахаа сонгодог. Ингэж хүмүүсийн харж, мэдэрч буй зүйлсээр дамжин хязгаарлагдмал байдлаар хотын дүр зураг тодорхойлогддог. Харилцан адилгүй хүмүүсийн хувьд аливаа өгөгдсөн бодит орчны дүр зураг эрс ялгаатай байдлаар бүрэлдэх боломжтой юм. ... Хэн нэгэний хувьд эмх замбараагүй байж болох ажлын ширээнээс зарим хүн эд зүйлсийг хялбархан олох боломжтой. Нөгөөтэйгүүр анх удаа харж байгаа эд зүйл дотно гэдэг утгаар бус ажиглагчийн хувьд аль хэдийнэ бүрэлдчихсэн байсан төсөөллийн дүр зургаас шалтгаалан ялгарч байдаг. Америк хүн гудамжны уулзварын эмийн санг цаг үргэлж төвөггүй олж харж чадах бол харин Бушман хүний хувьд үүнийг чадахгүй байж болно. (Линч, 1960: 6) 

... Тиймээс энэхүү судалгаа нь магадгүй сэтгэлзүйчдийн хувьд сонирхолтой байж болох тухайлсан хүмүүс хоорондын харилцан ялгааг авч үзэхгүй. Бидний ажлын эхний зорилго бол биет бодит байдал, хүн амын дунд бүрэлдсэн нийтлэг соёл, хүний физиологийн үндсэн хэв шинжийн харилцан үйлчлэл дээр ажиглагдах магадлалтай зохицолын хэлбэр болох хотын олон тооны хүн амын дунд бүрэлдсэн оюун санааны нийтлэг дүр зураг болох “олон нийтийн дунд бүрэлдэж тогтсон хотын дүр зураг” судлах явдал юм. (Линч, 1960: 7)

 

Бодит байдалд хүмүүс хүрээлэн буй орчныг маш олон хүчин зүйлсийн нэгдмэл, цогц үр дүнгээр мэдэрч, хүлээн авдаг хэдий ч энэ үйл явцын үр дүнд бүрэлдэж бий болдог хүрээлэн буй орчны дүр зургийг судлахын тулд тухайлсан хэсгүүдэд задлан шинжлэх шаардлагатай арга зүйн талаар “Хотын бүтэц ба онцлог байдал” хэсэгт дурдсан. Түүнчлэн бусад хот, суурингуудаас ялгарах онцлог байдал, тухайн хотын биет орчны бүтэц, мөн иргэд, оршин суугчдын хувьд тухайн хот ямар утга учиртай болох нь дүр зураг бүрэлдэхэд чухал нөлөөтэйг онцлон тайлбарлажээ.


Хүрээлэн буй орчны дүр зургийг судлахын тулд хүрээлэн буй орчны онцлог байдал, бүтэц, угта учир гэсэн гурван хэсэгт авч үзэж задлан шинжлэх боломжтой. Бодит байдал дээр эдгээр зүйлсийн талаар бодох үед үргэлж нэгдмэл байдлаар хамт бодогддог бол харин судалгаанд тус тусад нь авч үзэх хэрэгтэй. Үр дүнтэй бодит дүр зураг бүрдүүлэхийн тулд нэн тэргүүнд биет эд зүйлийн бусад зүйлсээс ялгарах, тусдаа бие даасан зүйл гэж танигдах онцлог шинж байдлыг тодруулах шаардлагатай. Үүнийг бусад зүйлстэй адил түвшинд ойлгогдох боломжгүй, бие даасан, цор ганц утгаар ойлгогдох онцлог байдал гэж нэрлэдэг. Хоёрдугаарт хотын дүр зураг аливаа биет эд зүйлсийн ажиглагч ба бусад эд зүйлс хоорондын орон зай, хэв загварын хамаарал агуулж байх ёстой. Эцэст нь тухайн биет эд зүйл ажиглагчийн хувьд практик юм уу сэтгэл зүйн ямар нэг утга учиртай байх ёстой.

Хэрэв бид харилцан адилгүй үндэс угсаатай үй олон хүмүүст тааламжтай, мөн ирээдүйн хэрэгцээ, шаардлагуудад дасан зохицох хотууд бүтээн байгуулах зорилготой бол хотын дүр зургийн бодит, тодорхой байдалд анхаарал хандуулж, маш ухаалаг байж, бидний шууд зааварчилгаагүйгээр хөгжүүлэх санаа сэдлүүдийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. (Линч, 1960: 8) 


Удаах хэсэгт хотын дүр зураглалт байдал1 гэсэн ойлголт дэвшүүлэн тайлбарласан нь хорьдугаар зууны дунд үеийн хот, суурин төлөвлөж, бүтээн байгуулах мэргэжлийн үйл ажиллагааны салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ ойлголт болон нэвтэрчээ. Мөн эртний амьдралын хэв байдлаас орчин үе хүртэл хөгжил дэвшил нэмэгдэх хэрээр хүрээлэн буй орчныг их хэмжээгээр өөрчлөх боломж нэмэгдэж, үүнийг дагаад хүрээлэн буй орчны дүр зураглалтай хамааралтай асуудлууд нэмэгдэж буйг онцолсон байна.


Эртний хүмүүс газар нутгийн талаарх ойлголтоо тухайн орчинд дасан зохицуулах замаар хүрээлэн буй орчныхоо дүр зургийг хүчээр сайжруулдаг байжээ. Тэд ихэвчлэн овоо босгох, газар орны тэмдэг тавих, модны тэмдэг тавих гэх мэтчилэн бага хэмжээний өөрчлөлт хийдэг байсан хэдий ч харин сууц болон шүтлэгийн хүрээгээр хязгаарлагдмал орчны хэрхэн харагдах харилцан хамаарал, тодорхой байдалд зориулан бодит өөрчлөлтүүд хийх замаар хүрээлэн буй орчиндоо нөлөөлж чаддаг байжээ. Зөвхөн хүчирхэг соёл иргэншлүүд хүрээлэн буй орчиндоо их хэмжээгээр нөлөөлж эхлэх болсон. Биет хүрээлэн буй орчныг үлэмж хэмжээгээр, ухамсартайгаар дахин загварчлах явдал өнөө цаг үед л боломжтой болсон билээ. Үүнээс үүдээд хүрээлэн буй орчны дүр зурагт холбогдох тулгамдсан асуудлууд шинэ ойлголт болж байна. (Линч, 1960: 12)


Хоёрдугаар бүлэг. Гурван хот


Энэ бүлэгт судалгаа, шинжилгээний арга зүйн талаар танилцуулна.2 Хотын дүр зургийн талаар судалгаа гүйцэтгэж буй мэргэжилтэн болон санал асуулгад оролцож буй иргэдийн хувь хүний онцлог (субьектив) ойлголтуудыг аль болох хасаж, олон нийтийн дунд тогтсон хотын дүр зургийн тухай нийтлэг ойлголтыг тодруулах зорилгоор судалгааны арга зүйг боловсруулсан байна. Өөр хоорондоо харилцан адилгүй, эрс ялгаатай түүх, үүрэг зориулалт, дүр зураг бүхий гурван хотод ижил арга зүйг давтан судалгаа хийснээр олж мэдсэн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж бодит мэдлэг боловсруулжээ. Олон жил амьдарсан хотынхоо талаар бүрэн дүүрэн мэдлэг, ойлголтгүй явдаг хүмүүс энгийн иргэдийн дунд олон байдгийг тодруулж дурдсан. Мөн 1950-иад оны сүүл үеийн Америкийн Нэгдсэн Улсын хот, суурингуудад тулгамдаж эхлээд байсан утаа тоос, автомашины түгжрэл, хурдны замын талаар онцлон дурдаж, “хүрээлэн буй орчны өнгө" гэдэг нэр томьёо, ойлголтыг танилцуулсан байна.


Массачусеттс муж улсын Бостон, Нью Жерси муж улсын Жерси хот, Калифорни муж улсын Лос Анжелс хот гэсэн Америкийн гурван хотод судалгаа, шинжилгээ хийсэн. (Линч, 1960: 14) ... Хот тус бүрийн төвийн хэсгийн ойролцоогоор 3.2 км х 3.2 км хэмжээтэй хэсэгт судалгаа гүйцэтгэж хоёр үндсэн дүн шинжилгээ хийсэн. Үүнд:

1. Олон төрлийн элементүүдийн хоорондын хамаарал, тусгаарлагдсан байдал, дүр зургийн давуу тал, сул тал, үзэгдэх байдал, оршин байгаа байдлыг зураглалаар бүртгэлжүүлэх, мөн хотын боломжит дүр зургийн бүтцийг сайжруулах, эсвэл бууруулахуйц тусгай зүйлсийг тэмдэглэж авахаар урьдчилан бэлтгэгдсэн ажиглагч хотын төв хэсэгт алхаж системчилсэн шинэ мэдээлэл цуглуулсан. Энэ нь байршил дахь элементүүдийн шууд харагдах дүр зурагт өгсөн субьектив үнэлгээнүүд болно.

2. Өөрсдийн амьдарч буй биет хүрээлэн буй орчныхоо дүр зургийг тодруулах зорилгоор хотын иргэдийн цөөн тооны төлөөллүүдээс урт хугацааны ярилцлага авч холбогдох асуудлуудыг тодруулсан. Орчны талаарх тайлбар, байршил, тойм зураглал, төсөөллийн зөвлөмжүүдэд зориулсан үзүүлэлтүүдийг санал асуулгад багтаасан. Сонгосон байршилд урт хугацаанд амьдарч байгаа, эсвэл ажилладаг иргэдийн дунд санал асуулга зохион байгуулсан бөгөөд үүргийн бүсчлэлийн дагуу тэдний ажлын байр, сууцны талаар асууж тодруулсан.

Бостон хотод 30, Жерси болон Лос Анжелс хот тус бүрт 15 хүнээс санал асуулга асуусан. Бостон хотод зохион байгуулсан санал асуулгын дүн шинжилгээг мөн гэрэл зураг таниулах сонжоо, байршил дагуу алхалт, гудамжинд зөрж өнгөрч буй хүмүүсээс зам асуусан олон тооны санал, хүсэлтүүдээр баяжуулсан.

Цөөн тооны түүвэр болон мэргэжлийн, мөн менежментийн чиглэлийн зарим өрөөсгөл зөрүүтэй мэдээлэл биднийг өмнө нь олж мэдээд байсан жинхэнэ “олон нийтийн дүр зураг”-аа дурдахаас холдуулж байв. Гэхдээ судалгаанд цаашид тусгах зүйлс ихтэй, зарим хүмүүсийн хувьд ч болтугай таниж мэдэх боломжтой, бүлэг хүн амын дунд тогтсон дүр зураг байдгийг илэрхийлэх хангалттай дотоод уялдаатай материалууд байсан. Санал асуулгаар олж тогтоосон бүлэг хүн амын дүр зургийг газар дээрх тандалт судалгаа, шинжилгээ ч мөн алдаагүй тооцоолсон бөгөөд хотын биет хэлбэр загварын ач холбогдлыг тодруулсан. (Линч, 1960: 15) ... Эдгээр нь мэдээж гаднаас дүгнэсэн анхны өнгөц дүгнэлтүүд юм. Олон жил амьдарсан хүмүүс хэрхэн дүрслэж буйг харах сонирхолтой байлаа. (Линч, 1960: 26)

Ганцаарчилсан ярилцлага, санал асуулгад оролцогчоор зуруулсан тойм зураглалуудыг судалсны дүнд иргэдийн дунд олон жил амьдарсан хотынхоо талаар бүрэн дүүрэн ойлголттой хүн нэг ч байдаггүй болох нь тодорхой болсон юм. (Линч, 1960: 29) ... Үндсэн хариултуудаа дагуулаад манан, утаа униар хотын бүтээн байгуулагчдын хувьд сэтгэл зовоосон асуудал болж буйг удаа дараа дурдсан байна. Хүрээлэн буй орчны өнгийг бүдэгрүүлэх хандлагатай, нэгдсэн өнгө нь цайвар, шаргал, саарал гэж хариулсан байна. (Линч, 1960: 41) ... Санал асуулгын хариултууд дунд автомашины түгжрэл, хурдны замын тогтолцооны асуудлууд үндсэн сэдэв болж байлаа. Эдгээр нь өдөр тутамд тулгардаг, зарим тохиолдолд сонирхолтой, дийлэнх тохиолдолд бэрхшээлтэй, иргэдийг цухалдуулсан асуудал болж байна. Зорчилтын талаарх нарийвчилсан мэдээллүүд гудамж, замын уулзвар, эргэлтүүдтэй холбоотой асуудал болон авто замын гэрлэн дохио, тэмдэглэгээний талаар маш их мэдээлэл агуулж байна. (Линч, 1960: 42)


Гуравдугаар бүлэг. Хотын дүр зураг, түүнийг бүрдүүлэгч зүйлс


Энэ бүлэгт хотын дүр зураг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй таван элеметийг тодорхойлж, элемент тус бүрийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мөн хотын дүр зураг бүрэлдэхэд эдгээр элемент тус бүр дангаараа төдийлөн нөлөө үзүүлдэггүй, харин өөр хоорондоо хамааралтай нэгдмэл үйл явцын үр дүн байдлаар ойлгож хүлээж авах хэрэгтэйг онцлон дурдсан байна.


Аливаа хотын талаар маш олон бие хүмүүсийн дүрслэлээс бүрэлдэж бий болдог олон нийтийн дүр зураг гэж байж болох юм. Эсвэл тодорхой тооны иргэдийн дүрслэлээр бүрэлдсэн олон нийтийн цуврал дүр зураг гэж байна. Хэрэв хэн нэгэн бие хүн амьдарч буй орчиндоо амжилттай ажиллаж, амьдарч, мөн бусадтай хамтрах бол тухайн хотын талаарх хэсэг бүлгийн тодорхойлсон дүр зураг чухал нөлөөтэй. Хүн бүрийн дүрсэлсэн дур зураг дахин давтагдашгүй, зарим дүрслэл нь бусад хүмүүсийн дүрслэлд ховор тохиолдолд дурдагдах, эсвэл хэзээ ч дурдагдахгүй хэдий ч энэ бүгдийг олон нийтийн дүр зураг тоймлон нэгтгэж байдаг. ... Судлаж болохуйц биет эд зүйлсийн үр нөлөөг шинжилж байгаагаараа энэхүү судалгааны дүн шинжилгээ нь хязгаарлагдмал юм. Тухайн газрын нийгмийн ач холбогдол, үүрэг зориулалт, түүх, мөн түүгээр ч зогсохгүй газар, усны нэр гэх мэтчилэн хотын дүр зурагт нөлөөлөх бусад олон зүйлс бий. Хотын нутаг дэвсгэрийн чиг үүргийг онцгойлон авч үзэхгүй байгаа учраас дээр дурдсан асуудлыг залруулж болох юм. Энэхүү судалгаанд хотын биет хэлбэр дүрс тухайн хот, суурингийн ач холбогдлыг бууруулдаггүй, харин илүү нэмэгдүүлдэг хэмээн авч үзсэн болно. (Линч, 1960: 46)

Юу хотын дүр зураг бүрдүүлдэг талаар одоог хүртэл судлагдаад байгаа, мөн хотын биет хэлбэр дүрсийн талаар дахин авч үзвэл зохих зүйлсийг 5 төрлийн элементүүдэд ангилан авч үзэх боломжтой. Эдгээрт: зорчих зурвас (paths), хэсэг нутаг дэвсгэрийг хөвөөлсөн орон зай (edges), хэсэг нутаг дэвсгэр (districts), уулзвар, зангилаа (nodes), онцгой зүйлс (landmarks) хамаарна.

1. Зорчих зурвас. Хотын оршин суугч тогтмол эсвэл хааяа зорчих боломжтой зурвас, замыг энэ ойлголтын хүрээнд авч үзнэ. Энэ ойлголтонд гудамж, явган зам, хот хоорондын тээврийн шугам, усан суваг, төмөр замыг ч авч үзэж болно. Дийлэнх хүмүүсийн хувьд хотын дүр зургийг тодорхойлох гол элемент нь зам байна. Хүмүүс хотод зорчихдоо хотын орчныг ажиглаж байдаг бөгөөд зам дагуу хүрээлэн буй орчны эд зүйлс өөр хоорондоо хамааралтайгаар зохион байгуулагдсан байдаг. (Линч, 1960: 47) ... Гудамж дагуух тухайлсан үүрэг зориулалтын газар ашиглалтын төвлөрөл түүнийг харж мэдэрч буй хүний оюун санаанд чухал байрь суурь эзлэх боломжтой. ... Галт тэрэгний буудлын3 ойролцоох барилга угсралтын ажил, хүнсний захуудын хөл үймээн гэх мэтчилэн гудамж, замын түвшний бусад төрлийн үйл ажиллагаанууд тухайн газрыг мартагдашгүй болгон сануулдаг ч байж болох юм. (Линч, 1960: 50) Мөн барилгын нүүр талын өвөрмөц хэв загварууд зорчих зурвасын орон зайн дүр зургийг тодорхойлох чухал хүчин зүйл болж байлаа. (Линч, 1960: 51) ... Хүмүүс зорчих зурвас хаанаас эхлэж, хаана хүрэхийг тодорхой мэдэж байхыг хүсэх хандлагатай байдаг. Тодорхой, танигдсан эхлэл ба төгсгөлтэй зорчих зурвасууд хүчтэй ялгарах шинж тэмдэгтэй байна. (Линч, 1960: 54) ... Ярилцлагад оролцосон дийлэнх хүмүүс Лос Анжелес хотын тэгш өнцөгт торон хэлбэрийн гудамж замын сүлжээний 20 гаруй үндсэн замыг өөр хооронд нь зөв хамааралтайгаар зураглаж чадсан. Гэхдээ ийм хэт жигд торон сүлжээ нь хүмүүс гудамж, замуудыг нэг бүрчлэн ялгаж танихад бэрхшээл учруулж байлаа. (Линч, 1960: 61) 

2. Хэсэг нутаг дэвсгэрийг хөвөөлсөн, хязгаар орон зай. Энэ ойлголтын хүрээнд тухайн орчныг харж мэдэрч буй хүн зорчих зурвас гэж хүлээж авдаггүй, шулуун хэлбэрийн орон зай, эд зүйлсийг авч үзнэ. Энэ нь мөн харилцан адилгүй шинж чанартай хоёр хэсэг нутаг дэвсгэрийн зааг орон зай болно. Нутаг дэвсгэрийн үргэлжлэлийг4 хөвөөлж, хязгаарладаг эрэг, төмөр замын шугам, хөвөөлсөн орон зай, хана хэрэм гэх мэт зүйлсийг нэрлэж болно. Орон зайг тасалдуулахаас илүүтэй зорчих зурвасын хажуугийн орон зайн баримжаа болж байдаг. Нэг орон зайг нөгөө орон зайгаас тусгаарлах, зарим тохиолдолд ямар нэг байдлаар нэвтрэх боломжтой тусгаарлагч болдог. Эсвэл хоёр бүс нугтийг холбож, уялдуулах зүйдэл орон зай болдог. Магадгүй зорчих зурвастай дүйцэх чухал ач холбогдолгүй хэдий ч олон хүний хувьд хотын орон зайг зохион байгуулах чухал өгөгдөл болдог юм. Ялангуяа далай, тэнгис, гол, мөрөн бүхий, эсвэл хана, хэрэмт хотын хөвөө, хязгаар болж бүхий л нутаг дэвсгэрүүдийг өөр хооронд нь холбож байх чухал үүрэгтэй. (Линч, 1960: 47) ... Хэсэг нутаг дэвсэгрийг хөвөөлсөн, хязгаар орон зай ихэвчлэн зорчих зурвас байх нь бий. (Линч, 1960: 65)

3. Хэсэг нутаг дэвсгэр. Хотын нутаг дэвсгэр дахь дундаас том хэмжээтэй хэсэг нутаг дэвсгэрийг энэ ойлголтын хүрээнд авч үзэх бөгөөд хотын орчныг харж мэдэрч буй хүн төсөөллөөрөө “дотогш” нэвтэрч орох хоёр хэмжээстэй гэж ойлгогддог, ямар нэгэн онцлог, адил төстэй шинж чанар бүхий, түүгээрээ танигддаг орон зай юм. ... Өөр өөрийн онцлог шинж чанар бүхий хэсэг нутаг дэвсгэрүүдийг зөвхөн хувь хүний үнэлэмжээр тодорхойлж болохоос гадна тухайн хотын онцлогоос хамаарч тодорхойлогддог. (Линч, 1960: 47) ... Хэсэг нутаг дэвсгэрийг тодорхойлох биет шинж чанар нь барилга, байгууламж, гудамж, замын өнгөлгөөний материал, орон зай, хэлбэр дүрс, хэсэглэл, бэлгэ тэмдэг, барилгын төрөл, зориулалт, үйл ажиллагаа, оршин суугчид, барилга, байгууламжийн ашиглалтын зэрэг, газрын гадарга гэх мэт хязгааргүй тооны төрөл зүйлсээс бүрдэх сэдэвчилсэн эцэс төгсгөлгүй жагсаалтаас бүрднэ. (Линч, 1960: 67) ... Хотын хэсэг нутаг дэвсгэр бүр төрөл бүрийн хязгаартай байна. Зарим нь эрс ялгагдахуйц, тодорхой, хатуу хил, хязгаартай байхад зарим нь дийлэнх хүмүүс ялгаж анзаарахааргүй, хотын төвийн худалдаа, үйлчилгээ ба ажил хэргийн бүсүүдийн хоорондох зааг мэт тодорхойгүй, сул хил, хязгаартай байдаг. (Линч, 1960: 69)

4. Уулзвар, зангилаа. Хотын орон зайг харж мэдэрч буй хүн нэвтэрч орох боломжтой, чухал ач холбогдолтой газар нутаг, цэгүүдийг энэ ойлголтын хүрээнд авч үзнэ. ... Эдгээрт гудамж, замын уулзвар, тээврийн зогсоол, зорчих зурвасуудын огтлолцол, зөрлөг, тээврийн нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжих цэг зэрэг орон зай байж болох юм. Эсвэл ердөө л гудамжны уулзварын орон зай, барилга байгууламжуудаар хүрээлэгдсэн талбай гэх мэт онцгой, бодит зүйлс юм уу эсвэл зарим газар-ашиглалтын бөөгнөрөл байж болох юм. Эдгээр төвлөрсөн цэгүүд нь хэсэг нутаг дэвсгэрийн багасгасан хэлбэр, гол цэг бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн бэлгэ тэмдэг болж, нөлөө нь тархаж байдаг. Уулзвар, зангилааг зарим тохиолдолд цөм гэж нэрлэх нь бий. Мэдээж олон зангилаа цэгүүд уулзвар ба төвлөрлийн аль алиных нь хосолмол хэв шинжтэй байдаг. Уулзвар бүр ерөнхийдөө зорчих зурвас, зорчих үйл явцын зөрлөг болдог учраас гудамж, замын уулзварын тухай ойлголт зорчих зурвасын тухай ойлголттой холбогддог. Үүнтэй адилаар, цөм нутаг дэвсгэр, орон зайнууд нь ерөнхийдөө хэсэг нутаг дэвсгэрийн эрчимтэй төв, туйлт төв болдог учраас хэсэг нутаг дэвсгэрийн ойлголттой холбогдно. (Линч, 1960: 47) ... Уулзвар, зангилаанууд хотын дүр зураглалын хувьд ердөө л жижиг цэгүүд мэт байх хэдий ч бодит байдал дээр том талбай, эсвэл зарим тохиолдолд шулуун шугаман хэлбэрийн орон зай, тэр ч байтугай хотыг асар том түвшинд авч үзэх үед бүхэл дүүрэг ч байх боломжтой. Хүрээлэн буй орчныг улс, эвсэл олон улсын хэмжээнд авч үзвэл мэдээж хот бүхэлдээ уулзвар, зангилаа болох боломжтой. (Линч, 1960: 72) ... Уулзвар, зангилаа, зорчилт хөдөлгөөний зогсоол цэгүүд нь хотыг харж мэдэрч буй хүмүүсийн хувьд үлэмж чухал байдаг. Учир нь уулзвар, зангилаа цэгүүд дээр шийдвэр гаргаж, эдгээртэй ойролцоо газруудад хүмүүс анхаарлаа илүү нэмэгдүүлж, ойр орчмын элементүүдийг хэвийн түвшнөөс илүү анхааралтай ойлгож хүлээж авдаг. Уулзварууд дээр байрлах элементүүд байршлаасаа шалтгаалан аяндаа онцгой байр суурь авч байгаагаас энэ хандлага удаа дараа батлагдсан юм. (Линч, 1960: 73)

5. Онцгой зүйлс. Энэ нь мөн нэг төрлийн газар орон баримжаалах цэг юм. Гэхдээ ажиглагч тухайн цэг, орчин руу нэвтэрч орохгүй, гаднаас нь харж, мэдрэх боломжтой. Дийлэнх тохиолдолд барилга, байгууламжууд, тэмдэг, тэмдэглэгээ, худалдаан төв, уул, толгод гэх мэт биет эд зүйлсээр онцгой зүйлсийг тодорхойлдог. Бүрдүүлж буй хүрээлэн буй орчин дотроос ямар нэг элемент ялгарч онцгой зүйлийн үүрэг зориулалт бүтдэг. Янз бүрийн зайнаас, янз бүрийн өнцгөөр, жижиг элементүүдийн дээгүүр, эргэн тойрноос гэх мэтчилэн зарим онцгой зүйлс зөвхөн алсаас үзэгдэх боломжтой. Хот дотор юм уу хотын гадна алслагдсан байршилд, тогтмол зүг чиг заах зориулалтаар онцгой зүйлсийг байгуулах боломжтой. Хотын төвөөс алсад байгуулсан цамхаг, алтан оройт ордон, урт толгод гэх мэт зүйлсийг энд дурдаж болно. Харьцангуй удаан бөгөөд жигд хөдөлгөөнтэй нар гэх мэт хөдөлгөөнт цэгүүдийг ч ажиглах боломжтой. Бусад онцгой зүйлс харьцангуй тодорхой нутаг дэвсгэрийн шинж чанартай, зөвхөн тодорхой байршил, хязгаарлагдмал цэгүүдээс үзэгдэх боломжтой байдаг. Тоо томшгүй олон тэмдэг, тэмдэглэгээ, дэлгүүрийн үүд хэсэг, мод, хотын бусад жижиг элементүүд гэх мэт хүмүүсийн хараа дүүргэх зүйлсийг ч энд дурдаж болно. (Линч, 1960: 48) ... Онцгой зүйлс бол ажиглагчын гадна, эргэн тойронд орших, олон хэмжээст, энгийн биет эд зүйлс юм. Хэрэв эд зүйлс энгийн хэлбэр дүрстэй, ард харагдах орчныхоо дүр зурагаас эсрэг дүр зурагтай, орон зайн байршлын хувьд чухал байршилд байршиж байвал илүү онцгой, илүү бусдаас ялгагдах боломж бүрднэ. Хэлбэр дүрс ба ард нь харагдах орчны ялгарал үндсэн хүчин зүйл болох хандлагатай байдаг. ... Нөгөө талаар, зарим хүмүүс бохир хотын цэвэрхэн эд зүйлс, хуучин хотын шинэ эд зүйлсийг онцгойлон, тухайн хотын онцгой зүйлсээр тодорхойлох нь бий. (Линч, 1960: 79) ... Гудамж, замын зэргэлдээх орон зайд тасралтгүй үргэлжилсэн барилгын нүүр талын цул гадаргуу дунд ялгарал үүсгэх гудамжны улаан шугамын догол зай хэмжээ, барилгуудын ойрхон хэмжээсүүд нь онцгой зүйлс бүтээх содон арга хэрэгсэл болно. (Линч, 1960: 81) ... Дуу чимээ, үнэр заримдаа үзэгдэх онцгой зүйлсийг илүү тодруулдаг хэдий ч бие дааж, дангаараа онцгой зүйлс бүтээх боломжгүй юм. (Линч, 1960: 83)

Дээр дурдсан элементүүдийн аль нь ч бодит нөхцөлд дангаар орших боломжгүй юм. Хотын хэсэг хэсэг нутаг дэвсгэрүүд уулзвар, зангилаатай хамт бүрэлдэж, тухайн нутаг дэвсгэрүүдийг хөвөөлсөн, хязгаарлах орон зайгаар хил хязгаар нь тодорхойлогдож, зорчих зурвас, замуудаар бусад хэсгүүдтэй холбогдож, онцгой зүйлс энд тэнд тархсан байдаг. Элементүүд өөр хоорондоо нягт холбогдож, жигд давхарлагдсан байдаг. (Линч, 1960: 49) ... Харилцан адилгүй харж мэдрэх нөхцөлүүдээс шалтгаалаад бодит орчны тодорхой дүр зураг заримдаа хэлбэрээ өөрчлөх тохиолдлууд бий. Хурдны зам жолоочын хувьд зорчих зурвас, харин явган зорчигчийн хувьд хэсэг нутаг дэвсгэрийг хязгаарлах орон зай болох боломжтой. Эсвэл хотын төв хэсэг нь дунд хэмжээтэй хотын хувьд дүүрэг, харин их хотын (метрополитан) хувьд уулзвар, зангилаа байж болох юм. (Линч, 1960: 83) 


Цаашлаад элемент тус бүр дангаар хотын дүр зураг тодорхойлохуйц мэдээлэл дамжуулах боломжгүй, харин бүхэлдээ нэгдмэл цул байдлаар үзэгдэж, ойлгогдон хотын дүр зураг бүрдүүлж болохыг “Элементүүдийн хоорондын хамаарал” хэсэгт дурдсан.


Дээр дурдсан элементүүд нь хотын хэмжээний хүрээлэн буй орчны дүр зураг бүрдүүлэх "түүхий эдүүд” юм. Сэтгэл татам хотын хэв загвар бүтээхийн тулд бүхэлдээ уялдсан хэв загварт байх хэрэгтэй. Ингэж хослуулан хэрэглэх нь заримдаа нэг нэгнээ дэмжиж, эсвэл өөр хоорондоо зөрчилдөж, нэг нэгнээ үгүйсгэх ч боломжтой. (Линч, 1960: 83) ... Судалгааны үр дүнд ихэнх ажиглагчид элементүүдийг нэгдмэл, цогц гэж нэрлэж болохуйц, дундын зохион байгуулалтаар багцлан авч үздэг байдал харагдсан. Хүмүүс хотын дүр зургийн нэгдмэл, цогц байдлыг бүрдүүлж буй хэсгүүд бие даасан, өөр хоорондоо хамааралтайгаар харьцангуй нягт холбогдсон байдаг гэж үздэг. ... Хоёр орон зай, газар нутгийн ердийн, бодит зай хэмжээнээс хүний сэтгэл зүйд буусан зай хэмжээс илүү хол, туулж хүрэхэд хүндрэлтэй байдаг. ... Бид бүхэлээс илүү хэсгүүдэд анхаарал хандуулах нь энэхүү судалгааны эхний үе шатны шинжилгээнд зайлшгүй чухал байлаа. Хэсгүүдийг амжилттай ялгаж, ойлгосны дараа бүхэл тогтолцооны талаар авч үзэх болно. Нэг элемент өөр бусад элементүүдэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг, мөн хотын дүр зураг нь эцэс төгсгөлгүй судалгааны талбар гэх мэтчилэн анхаарал хандуулах зүйлс ажиглагдаж байлаа. (Линч, 1960: 85) 


“Дүр зураг шилжилт” хэсэгт гудамжны тавилга, гэрлийн шон гэх мэт жижиг эд зүйлсээс эхлээд дүүрэг, хороолол зэрэг газар ашиглалтын том нэгж хүртэл хотын бүтэц хэрхэн зохион байгуулагдах боломжтой, энэхүү бүтцийг ямар шатлалаар ангилан судлах боломжтой талаар тайлбарласан. Мөн судалгааныхаа үр дүнд тулгуурлан хүмүүс цаг хугацаа, харааны мэдэрхүйгээрээ дамжуулан эдгээр бүтцийн хэсгүүдийг хоёр үндсэн аргаар харж, мэдрэх замаар хотын орчны дүр зураг бүтээдэг тухай системтэй дүгнэсэн байна.


Хотын хэсгүүд хэрхэн зохион байгуулагдсан, хэрхэн холбогдож байгаа бүтэц шинж чанараар нь хотын дүр зургийг дараах байдлаар цаашид ялгаж авч үзэх боломжтой. Хотын бүтцийн нарийвлал багаас их рүү нэмэгдэх хэрээр дараах дөрвөн шатлалыг тодруулж үзлээ.

А. Хэсгүүдийн хооронд ямар нэг бүтэц, харилцан хамааралгүй, олон төрлийн элементүүд чөлөөтэй орших хэлбэр. Бид ийм хэлбэрийн дангаар орших жишээг олж тогтоогоогүй, гэхдээ хэд хэдэн дүр зураг бусад эд зүйлстэй харилцан хамааралгүй, мөн маш олон хамааралгүй элементүүдтэй, зайтай, дангаар оршиж байсан. Нийт нутаг дэвсгэрийн системчилсэн хүрээ тогтоохгүй тохиолдолд (шинэ бүтэц бий болгохгүй бол) гаднаас ямар нэг чиглүүлэгчгүйгээр энд зохистой хөдөлгөөн үүсэх боломжгүй.

Б. Бүтэц харьцаатай болох хэлбэр. Хэсгүүд өөр хоорондоо холбогдоогүй ч гэсэн магадгүй өөр хоорондоо харьцангуй алс зайд ерөнхий чиглэлээрээ тойм байдлаар холбогдож байх хэлбэр. (Линч, 1960: 88)

В. Магадгүй дийлэнх тохиолдолд бүтэц уян хатан, хэсгүүд мөн уян хатан, чөлөөт байдлаар өөр хоорондоо холбогдсон хэлбэр.

Г. Элементүүдийн хоорондох холбоо хамаарлууд нэмэгдэх хэрээр бүтэц хөшүүн болж, хэсгүүд бүх хэмжээсүүдээрээ нягт холбогдож, эргээд гажуудал бий болох хэлбэр.

... Зарим хүмүүсийн хувьд бүхэл дахь хэсгүүд, ерөнхийгөөс тухайлсан руу доош чиглэх байдлаар эгшин зуурт хотын дүр зураг бүрэлдэж бий болдог. Энэ төрлийн зохион байгуулалтанд тогтмол зураглалыг багтаан авч үзсэн. Хүмүүс хотын тухайлсан элементээс эхлээд ерөнхий рүү дамжуулан харах замаар шаардлагтай тойм холбоосууд хийж байсан бөгөөд мөн олж харахыг хүссэн жижиг хэсэг хүртэлтээ буцаад ерөнхийгөөс тухайлсан руу чиглүүлэн харж байлаа. ... Энэ хэлбэрээр бүрэлдсэн дүр зургийг шатлалт дүр зураг гэж нэрлэж болох юм. ... Бусад хүмүүсийн хувьд цаг хугацааны турш (маш богино эгшин байсан ч ялгаагүй) хэсгүүдийг дараалуулах байдлаар, илүү хөдөлгөөнт замаар хотын дүр зураг зэрэг бүрэлдэж байсан бөгөөд киноны дүрс бичлэгийн төхөөрмжөөр харж буй мэт дүрслэгдэж байлаа. Энэ нь хотоор зорчихдоо хотын орчин бүрийг үзэж, харах бодит туршлагатай илүү ойр байсан. Үүнийг авч үзэхдээ орон зайг мэдрэх тогтсон шатлал гэж үзэхээс илүүтэйгээр тодорхой холбоосуудыг ажлуулах замаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна гэж авч үзэж болох юм. (Линч, 1960: 89)


Дөрөвдүгээр бүлэг. Хотын хэлбэр, загвар


Энэ бүлэгт харилцан адилгүй хотын хэлбэр, загваруудаас шалтгаалан харилцан адилгүй дүр зураг бүрэлддэг талаар тайлбарлаж, өмнөх бүлэгт дурдсан элементүүдийг хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд хэрхэн тусгаж, хэрэглэж болох талаар зөвлөмж, шийдлүүд танилцуулсан байна. Бүлгийн төгсгөлийн Хотын хэлбэр дүрсийн онцлогууд, Бүхлийн тухай ойлголт, Их хотын хэлбэр, Төлөвлөлтийн үйл явц гэсэн дэд хэсгүүдэд хотын орон зайг тодорхой түвшинд удирдан зохион байгуулж болох хэдий ч хот, суурин газрын нийгмийн амьдралыг бүрэн хянаж, зохион байгуулах боломж хязгаарлагдмал, мөн хот тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байх зуур тухайн хот тасралтгүй үргэлжилж буй мэдрэмжийг хадгалан дамжуулж байх хэрэгтэй талаар чухал үзэл санаануудыг онцлон дурджээ.


Бид гоо сайхан гэж хэлж дассан уран зураг, эсвэл ургаа мод гэх мэт зүйлс бол урт хугацааны хөгжлийн явцад бүтсэн, нэг хүсэл тэмүүлэлд сэтгэгдэл төрүүлэхүйц, дан үүрэг зориулалттай зүйлс билээ. Тэдгээр зүйлс жижиг хэсгээс эхлээд бүхэл бүтэц хүртлээ нүдэнд харагдахуйц, гүн холбоостой байдаг. Хот бол олон үүрэг зориулалттай, хөдөлгөөнт тогтолцоо юм. Олон хүний гар оролцож байж харьцангуй хурдаар бүтээн босгодог, олон үүрэг зориулалттай аяны майхан гэсэн үг. Хотын орон зайг бүрэн нарийвчилж, туйлын нийцтэй хэлбэрээр бүтээн байгуулах нь үнэмшилгүй, мөн хүсээд байх зүйл биш юм. Хотын хэлбэр загвар ямар нэг байдлаар олон дахин тайлбарлаж болохуйц, оршин суугчдын ойлголт болон үүрэг зориулалтын хувьд зохиомол байх хэрэгтэй. ... Гэхдээ хотын хэв загварын илэрхийлж болох суурь үүрэг зориулалтууд гэж байдаг. Эдгээрт тухайн хотын зорчилт хөдөлгөөн, үндсэн газар ашиглалтын төрлүүд, чухал цэгүүдийг нэрлэж болно. (Линч, 1960: 91)

... Жишээлбэл Флоренс хот маш олон хүний сэтгэл татам хүчтэй дүр зураг бүхий хот билээ. Гадны хүмүүс анх удаа мэдрэхдээ хүйтэн, хөндий хэмээн мэдрэх атлаа энэ хотын онцгой хүч нөлөөг үгүйсгэж чаддаггүй. Эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлүүдийн аль нь ч тохиолдсон энэ орчинд амьдрахад баяр баясал, уйтгар гуниг, сэтгэл татагдахын аль нэгэн гүн гүнзгий мэдрэмж авдаг. (Линч, 1960: 92)

Хүний гараар бүтсэн зохиомол орчин гэдэг утгаар нь хот, суурин газруудыг хамгийн сайн түвшинд бүтээн байгуулж, хүний хэрэгцээнд зориулан, урлаг болгон хөгжүүлж байх хэрэгтэй. Хүрээлэн буй орчноо өөрчилж, бидний мэдрэмжид юу мэдрэгдэж байгаа мэдрэмж, ойлголтондоо тулгуурлан зохион байгуулж, онцлож байх нь бидний унаган дадал зуршил билээ. Амьд үлдэх болон байгалийг ноёлох дадал зуршлууд энэ мэдрэмтгий дасан зохицох байдалд суурилдаг. Гэвч бид одоо энэхүү харилцан хамаарлын цоо шинэ шат руу шилжиж магадгүй юм. Бид төрөлх орчноосоо эхлээд хүрээлэн буй орчныг хүний мэдрэхүйн хэв загвар, бэлгэдэл бүтээх үйл явцуудтай уялдуулан зохион байгуулж эхлэж магадгүй. (Линч, 1960: 95)

Зорчих зурвас, гудамж, зам төлөвлөх нь. Олон зүйлсээс бүрдсэн нарийн түвэгтэй хотын орон зайн уламжлалт, эсвэл шинээр бүтээн байгуулах боломжтой хөдөлгөөний тэнхлэгүүдийн сүлжээ, зорчих зурвас, гудамж, замууд бол хотын бүхэл бүтцийг зохион байгуулах өндөр нөөц боломжтой төлөвлөлтийн хэрэгсэл юм. Гол зурвасуудыг төлөвлөж, хөгжүүлэхдээ зарим төрлиийн тусгайлсан үүрэг зориулалт бүхий үйлчилгээ, үйл ажиллгаа төвлөрүүлж, орон зайн дүр зураг, барилгын нүүр талын тусгай дүр зураг, тусгайлсан гэрэлтүүлэг, өвөрмөц үнэр, дуу чимээ, ердийн ногоон байгууламж төлөвлөж, бүтээн байгуулах замаар зэргэлдээх бусад зорчих зурвасуудаас ялгаж, онцгойлсон хэв загвараар хөгжүүлэх хэрэгтэй. ... Зорчих зурвасын тасралтгүй үргэлжлэх байдлыг бүрдүүлэх зорилгоор эдгээрийг хэрэглэх нь зүйтэй. Хэрэв зорчих зурвас дагуу эдгээр зүйлсийн нэгийг, эсвэл олон төрлүүдийг тасралтгүй тусган төлөвлөж, бүтээн байгуулж чадвал зорчих зурвасын тасралгүй үргэлжилсэн, нэгдмэл дүр зураг бүрэлдэж бий болдог. Модот бульвар, явган замын хучилтын дан өнгө, гадаргуу, эсвэл зэргэлдээх барилгуудын нүүр талын сонгодог үргэлжилсэн байдал зэргийг дурдаж болох юм. Мөн булангийн эмийн сангууд, задгай орон зайн давтамж болон тодорхой хэмнэлээр жигд байдал үүсгэж ч болох юм. Зорчих зурвас дагуух уламжлалт зорчилт хөдөлгөөнүүдийн төвлөрөл нь олон нийтэд хэдийн танигдсан, тасартгүй үргэлжилсэн байдлыг улам нэмэгдүүлдэг. ... Газар ашиглалтын үүрэг зориулалтын шатлалтай адил хэв загварын болон гудамж, замын харагдах байдлын эрэмбэ гэж хэлж болохуйц шатлал бий. Гол гудамж, замууд болон ойлгогдох элементүүдийн тасралтгүй үргэлжилсэн байдал буюу тэдгээрийн нэгдмэл байдлын гоо зүйн огтлолцолыг гудамж, замын үзэгдэх байдлын шатлал гэж хэлж болно. Энэ бол хотын дүр зураг бүтээх үндсэн суурь юм. (Линч, 1960: 96)

Бусад элементүүдийг төлөвлөх нь. Гол, мөрөн, далай, тэнгисиийн эргийн орон зайг зорчих хөдөлгөөн, эсвэл амралт зугаалгын үйл ажиллгаанд зориулан нээж, ашиглалт, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хэсэг нутаг дэвсгэрийг хөвөөлсөн, хязгаар орон зайн харагдах байдлыг нэмэгдүүлэх нэг арга билээ. Өөр нэг арга бол алсын зайнаас харагдах боломжтой, харааны түвшнээс дээгүүр хөвөөлсөн, хязгаарлах орон зай бүтээн байгуулж болно. (Линч, 1960: 100)

Олон хүнд хүрсэн, ’амьд’ онцгой зүйлийн амин чухал шинж чанар бол арын дэвсгэр орчноос ялгарч, онцгойрох шинж чанар билээ. Энэ ойлголтын хүрээнд мөн нам давхар сууцны барилгуудын цаана сүндэрлэх өндөр барилгууд, чулуун хананы өмнөх цэцгийн мандал, уйтгартай саарал гудамж дахь тод өнгөтэй зам, худалдааны барилгууд дундах сүм, тасралтгүй үргэлжилсэн барилгын нүүр тал дээрх тусгал зэрэг ч байж болох юм. (Линч, 1960: 101)

Онцгой зүйл гэдэг нь заавал үлэмж, том зүйл байх албагүй, хаалганы дугуй хэлбэрийн бариул, барилгын бөмбөгөр орой ч байж болно. Харин онцгой зүйлсийн байршил чухал байдаг. Хэрэв үлэмж, том, өндөр хэмжээтэй бол орон зайн зохион байгуулалтын хувьд тодорхой зайнаас харагдах боломжтой, хэрэв жижиг хэмжээтэй бол замын гадаргуун хэв шинж, зэргэлдээх барилгын нүүр тал, эсвэл харааны түвшнээс үл ялим доогуур гэх мэтчилэн бусдаас илүү анхаарал татахуйц тодорхой бүсэд байрлаж байх хэрэгтэй. Хэрэв холоос ч, ойроос ч, хурдан зорчиж явхад ч, удаан зорчиж явхад ч, шөнө ч, өдөр ч ялгаагүй үзэгдэхүйц бол цогц, өөрлөгдөн буй хотын талаарх хүмүүсийн ойлголтонд хөдөлгөөнгүй бэлгэ тэмдэг болж чаддаг. (Линч, 1960: 101)

Хотын хэсэг нутаг дэвсгэрийн хамгийн энгийн ойлголт нь тухайн нутаг дэвсгэрт үзэгддэг, бусад газруудад байдаггүй нэг ижил шинж чанар бүхий газар юм. Нэг ижил шинж чанар гэдэг нь орон зайн хэв шинж, барилгын төрөл, хэв загвар, эсвэл газрын гадаргын тогтоц зэрэг байж болно. Мөн ердийн барилгын хэсэглэл, өнгө, материал, нүүр талын хэсэглэл, замын гадаргуун материал, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, эсвэл алсаас үзэгдэх ерөнхий хэлбэр, галбир ч байж болно. Эдгээр хэв шинжүүд нэмэгдэх хэрээр нэгдмэл бүсийн тухай ойлголт бэхэждэг. Ямар нэг газрын хязгаарыг тогтоох зорилгод эдгээрээс гурав юм уу дөрвөн шинж чанарыг хэрэглэх нь илүү ач холбогдолтой гэдэг нь харагдсан. ... Хотын хэсэг нутаг дэвсгэрийг дотор нь дахин зохион байгуулах боломжтой. Бүхэл нутаг дэвсгэрийн дотор түүнээс ялгаатай дэд нутаг дэвсгэр байх боломжтой бөгөөд том нутаг дэвсгэрийн дотоод гудамж, замын сүлжээний хэв шинж, хазайсан цацраг зохион байгуулалттай уулзваруудыг жишээ болгон дурдаж болно. (Линч, 1960: 104)

Хотын хэлбэр дүрсийн онцлогууд

1. Биетийг арын орчноос ялгах онцлог

2. Энгийн хэлбэр, дүрс

3. Үргэлжилсэн байдал

4. Давамгай байдал

5. Холбоосуудын тодорхой байдал

6. Зүг чиг, баримжааны ялгаа

7. Харааны хамрах хүрээ

8. Хөдөлгөөний талаарх мэдлэг

9. Цаг хугацааны дагуу өөрчлөгдөх цуврал мэдээлэл, мэдрэмжүүд

10. Нэр ба утга учир

Эдгээр онцлог тус бүрийг дангаар хэрэглэх нь үр дүнгүй. Нэг онцлог хэв шинжийг дангаар хэрэглэх, эсвэл олон онцлог зүйлс өөр хоорондоо зөрчилдөхөд нэгдсэн үр дүн тааруу болж хотын бүтэц, онцлог дүр зургийг тодотгох нэмэлт хүчин чармайлт хэрэгтэй болно. Тодорхой хэмжээний давтамж, хэтрүүлэг, хүч нэмэгдүүлэх шийдэл шаардлагатай. Иймээс энгийн хэлбэртэй, мөн ижил төрөл, үүрэг зориулалт бүхий барилга, байгууламжуудтай, зэргэлдээх бүсүүдтэй тодорхой холбогдож, тод хүрээлэгдсэн, бие даан дангаар орших, хотын бүс нутгийн хэмжээс дээр алдаа гаргах боломжгүй юм. (Линч, 1960: 108)

Бүхлийн тухай ойлголт. Хотын хэв загварыг зориуд удирдан зохион байгуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр том хотын өдөр, шөнийн, өвөл, зуны, ойр, алсын, тотмол, хөдөлгөөнт, болон анхааралтай ажиглагчийн хувьд, эсвэл алмайрсан ширтэгчийн хувьд бүрэлдэж бий болсон гэх мэт олон тооны дүр зургаас бүтэх үргэлжилсэн хэлхээ бий болдог. Чухал онцгой зүйлс, бүс нутагууд, уулзвар зангилаанууд, зорчих зурвасууд ямар ч нөхцөлд хийсвэрээс илүү тодорхой байдлаар танигдахуйц байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хотын дүр зураг бүх нөхцөлд ижил байх ёстой гэсэн үг биш юм. (Линч, 1960: 109)

Нарийн цогц бүтэцтэй нийгмийн тогтолцоонд удирдан зохион байгуулах шаардлагатай олон харилцан байдаг. Ардчилсан нийгмийн тогтолцооны хувьд хэсгүүд бид бие биенээсээ алслагдсан байдлаас зайлсхийж, бие даасан хөгжил дэвшлийг дэмжиж, хэсгүүд өөр хоорондоо өргөжин тэлэх харилцаанд итгэж найддаг. Хэрэв хүрээлэн буй орчин хүчтэй харагдахуйц бүтэцтэй, маш онцгой дүр зураглал бүхий хэсгүүдтэй бол шинэ хэсгүүдийг таниж мэдхэд амархан, найдвар төрүүлэхүйц байдаг. Хэрэв хүмүүсийн харилцаанд чухал ач холбогдолтой холбоосуудыг (музей, номын сан, уулзаж цуглах талбай гэх мэт) тодорхой зохион байгуулж чадвал иймэрхүү холбоосуудыг үгүйсгэх хандлагатай хүмүүс ч үүнд нэгдэх боломжтой.

Хотыг нэг хүнд зориулан бүтээн байгуулдаггүй, маш олон төрлийн үндэс угсаа, зан авир, мэргэжил, нийгмийн давхарга бүхий үй олон хүнд зориулж бүтээн байгуулдаг. Өөр хоорондоо эрс ялгаатай хүмүүс амьдарч буй хотоо зохион байгуулахад гардаг харилцан адилгүй хувилбар шийдлүүд, мөн хүмүүс хотын ямар элементээс илүү хамааралтай байдаг, тэдний хувьд хотын ямар хэлбэрийн шинж чанарууд таатай байгааг бидний судалгаа шинжилгээ олж тогтоосон. Хот төлөвлөгчид хамгийн боломжит сайн зорчих зурвас, хөвөө хязгаар орон зай, онцгой зүйлс, уулзвар зангилаа, хэсэг хэсэг нутаг дэвсгэр бүхий, зөвхөн нэг, хоёр хотын хэв загвараар хязгаарлагдахгүй аль болох бүхий л шинж чанаруудыг агуулсан хот бүтээн байгуулж байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал харилцан адилгүй хүмүүс ертөнцийг харж мэдрэх өөр өөрсдийн онцлог хэв байдалд нийцсэн ойлголт, мэдээлэл олж авах болно. (Линч, 1960: 110)

Техник, технологи, үүрэг зориулалт өөрчлөгдөхийн хэрээр хотын орчин хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлт нь иргэдийн сэтгэлийг түгшээж, тэдний ойлголтын дүр зургийг үймүүлж, утгагүй болгох хандлагатай. Хотын орчинд эрс өөрчлөлтүүд явагдаж байх зуур ч тухайн хотын үзэгдэхүйц бүтэц, хот тасралтгүй үргэлжлэх мэдрэмжийг хадгалж байх нь чухал хэрэгтэйг энэ бүлэгт дурдсан төлөвлөлтийн арга ажиллагаанууд харуулж байж болох юм. (Линч, 1960: 112)

Их хотын хэлбэр. Их хотын бүс нутаг гэх мэтчилэн өргөн уудам нутгийн нийт дүр зураг тухайн их хотыг бүрдүүлж буй газар нутаг бүрийн дүр зурагтай адил хүчтэй байх албагүй. Энэ тохиолдолд их хотын хэмжээс дээр давамгайлах хэлбэр, илүү өргөн суурь нөхцөл, анхаарах асуудлууд, холбоос эд эсүүд байх боломжтой. Гэхдээ хүчтэй, саармаг аль нь ч байсан хэсэг тус бүр тодорхой, бүхэл хэсэгтэй тод холбогдсон байх ёстой. (Линч, 1960: 112)


“Төлөвлөлтийн үйл явц” хэсэгт хотын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх бүрдэл бүхий үзэгдэх байдлын төлөвлөгөө боловсруулж, хэрэглэхийн ач холбогдлыг зөвлөсөн. Хотын түүх, иргэд, оршин суугчдын дурсамжтай холбоотой барилга, байгууламжууд гэх мэт онцгой зүйлсийг хадгалан, өвлүүлэх, цаашлаад хотын орон зай, гудамж замуудыг зөвхөн үүрэг зориулалтаар нь бус мөн харагдах байдлаар нь эрэмбэлж хөгжүүлэх, худалдаа үйлчилгээний, ажил хэргийн, залуусын, урлагийн, холимог гэх мэтчилэн сэдэвчилсэн нэгж нутаг дэвсгэрүүд хөгжүүлэх зэрэг чухал асуудлуудыг төлөвлөлтөнд тусгах хэрэгтэйг энэ хэсэгт онцлон дурдсан нь өнөөдрийг хүртэл ач холбогдолтой хэвээр байна.


Задлан шинжлэх арга зүй ашиглан (гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх бүрдэл бүхий үзэгдэх байдлын төлөвлөгөөг хотын хэмжээнд боловсруулж хэрэглэх хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөөнд хотын онцгой зүйлсийг хадгалан авч үлдэх, тэдгээрийн байршлыг зөвлөх, зорчих зурвасуудын үзэгдэх эрэмбэ дарааг хөгжүүлэх, хотын хэсэг, бүлэг нутаг дэвсгэрүүдийн сэдэвчилсэн нэгжүүдийг бүтээн байгуулах, уулзвар, зангилаануудыг тодорхой болгож, шинээр бүтээн байгуулах үйл ажиллагаануудыг дурдаж зөвлөх боломжтой. Төлөвлөлтийн үйл ажиллагаа нь дээрх зүйлсээс илүүтэйгээр элементүүдийн харилцан хамаарал, хөдөлгөөний тухай ойлголт, хотыг бүрэн үзэгдэх хэлбэр гэдэг үүднээс авч үзэх ойлголт олон нийтийн дунд бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. (Линч, 1960: 116)


Тавдугаар бүлэг. Шинэ хэмжээс


Өмнөх бүлэгүүдэд дурдсан хүрээлэн буй орчны дүр зураг бүтээх үйл явц нь үзэгдэх орчин ба харж мэдэрч буй хүмүүсийн хоорондох хоёр чиглэлийн үйл явц болох талаар дахин дурдаж, зөвхөн хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүдээр зогсохгүй хотын бүтээн байгуулалтанд оролцож буй бүхий л хүмүүс, иргэд, оршин суугчдын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. Харах үйл явцын мэдлэг, харааны боловсрол гэх мэт тухайн үедээ шинэ нэр томьёо хэрэглэж, эмх цэгц, гоо зүйгүй, болхи, нэгэн хэвийн аливаа орчныг сайжруулах шүүмжит сэтгэлгээтэй ажигч хүмүүс “бүтээх” санаа дурдсан нь мөн анхаарал татдаг.


Хотын дүр зураг хөгжүүлэх үйл явцын хувьд харах үйл явцын мэдлэг олгох нь харагдаж буй зүйлийг өөрчлөхтэй адил чухал ач холбогдолтой. Энэ нь мэдээж хотын иргэд өөрсдийн харааны чадвартаа тулгуурлан үйлдэл үзүүлэхэд чиглэсэн харааны боловсрол болон тэднийг илүү хурц, гярхай ажиглаж харах чадварт нөлөөлөх гадаад хүчин зүйл гэсэн тойрог хэлбэрийн үйл явц бий болгоно. Өндөр түвшинд хөгжсөн хот төлөвлөлтийн урлаг шүүмжит сэтгэлгээтэй, ажигч хүмүүс “бүтээх” үйл ажиллагаатай холбогддог. Хэрэв хот төлөвлөлтийн урлаг, хотын иргэд хамтдаа хөгжвөл бидний хот, суурин газрууд олон сая оршин суугчдынхаа өдөр тутмын баяр цэнгэлийн эх үүсвэр болох билээ. (Линч, 1960: 120)


Хавсралт А. Зүг чигийн тухай зарим лавлагаа


Энд дэлхийн өнцөг, булан бүрийн харилцан адилгүй соёл иргэншлүүдийн газар орон баримжаалах өвөрмөц бөгөөд уламжлалт тогтолцоо, аргуудын талаар жишээлэн дурдаж, хүмүүс хүрээлэн буй орчныг хэрхэн таниж мэддэг сэтгэл зүй, физиологийн үйл явц, мөн хүрээлэн буй орчны дүр зураг хэрхэн бүрэлддэг талаар дэлгэрэнгүй тайлбарууд хавсаргажээ.


Антропологичдын олж тогтоосноор, тухайлбал эртний хүмүүс амьдарч буй орчинтойгоо нягт холбоотой, хүрээлэн буй орчны жижиг хэсгүүдийг ангилан нэрлэдэг байсан гэж бид ойлгодог. Хүн ам олноор тархан суурьшаагүй нутагт ч гэсэн хүмүүс үй олон газар нутгийн нэрс хэрэглэж, газарзүйн талаар маш их сонирхдог байжээ. Хүрээлэн буй орчин бол эртний соёлын салшгүй хэсэг юм. Хүмүүс хүрээлэн буй орчинд ажиллаж, бүтээж, байгалийн тогтоцтой зохицон аж төрж байлаа. Хүмүүс ихэнхдээ байгаль орчныг бүрэн таниж, байгалиас бүрэн тусгаарлагдах сонирхолгүй байдаг. Тодорхой ертөнцийн тасралтгүй байдал болон тогтвортой байдлыг хүрээлэн буй байгаль орчин илэрхийлж байдаг. (Линч, 1960: 123)

Газар орон баримжаалах тогтолцоо. Хүмүүс газар орон баримжаалахдаа тухайн орчны бүрдэл хэсгүүдтэй холбож авч үзэх, эсвэл тухайлсан байршлуудыг авч үзэх дадсан арга зүйтэй, заримдаа тодорхойлж авч үзэх ерөнхий болон хийсвэр тогтолцоотой байж магадгүй юм. Сибирийн Чукча хүмүүс нарны байршил, хөдөлгөөнтэй холбоотой, гурван хэмжээст 22 зүг чиг ялган хэрэглэдэг. Тэд тогтмол хэмжээсүүд болох тэнгэрийн орой (зенит), доод хязгаар (надир), шөнө дунд (хойд), үд дунд (өмнөд) болон улирал бүр өөрчлөгддөг, мөн өдрийн ялгаатай цаг бүрийг тэнгэрийн хаяанд харьцуулсан нарны байрлалаар тодорхойлогдох 18 нэмэлт зүг чиг хэрэглэдэг. Энэхүү тогтолцоо нь сууцанд бүх хэлбэрийн унтлагын өрөөнүүд байршуулах зүг чигүүдийг авч үзэхэд чухал ач холбогдолтой юм. Номхон далайн Микронезийн аялагчид тэгш хэмт, гэхдээ арлын чиглэл болон одон оронтой холбоотой тодорхой зүг чигийн тогтолцоо хэрэглэдэг байсан. Тус тогтолцоонд 28-аас 30 ялгаатай зүг чиг байдаг.

Хойд Хятадын тал нутагт хэрэглэдэг газар орон баримжаалах тогтолцоо нарийн тогтсон дүрэмтэй. Энэ тогтолцоонд ид шидийн гүн утга агуулагддаг. Хойд зүг хар өнгө, муу ёрын бэлгэдэл, өмнөд зүг улаан өнгө, аз жаргал, амьдрал, нарыг бэлгэддэг. Энэхүү зүг чигийн тогтолцооны дагуу шашны холбогдолтой бүх эд зүйлс, үл хөдлөх байгууламжууд байршуулах дэгийг хянаж, тогтоодог. Хятадын нээлт болох “өмнө зүг заах зүүний үзүүр”-ийн үндсэн хэрэглээ нь далай тэнгист зүг чиг заахад зориулаагүй, үүнийг харин барилга байгууламжын зүг чигт зориулан хэрэглэж байжээ. Тал нутгийн хөдөөнийхний хувьд баруун, зүүнээр баримжаалдаггүй, харин өнөөдрийн бидний хувьд мэдээжийн зүйл болох ертөнцийн зүг чиг (луужингийн зүг чиг)- ийн ойлголт бүхий энэ тогтолцоо илүү давамгайлдаг. Хүн байршилаа солин хөдлөж, эргэхэд даган өөрчлөгдөх зэргээр хувь хүнд баримжаалдаггүй, харин хүний гадна орших ертөнцийн тогтмол зүг чиг заах зорилгоор газар орон баримжаалах тогтолцоог зохиосон байдаг. (Линч, 1960: 128)

Аливаа биет зүйлсээр баримжаалдаг Австралийн Арунт хүн харилцан ярилцаж буй хүмүүсдээ газар орны ойр дөт байдал, зүг чиг, үзэгдэх байдлыг заахдаа ойр орчмын эд зүйлсээр нь баримжаалж заадаг. Гэтэл Америкийн нэгэн газарзүйч бидний хэрэглэдэг дөрвөн зүгийн холбогдолтой асуудлууд дахь зүг чигийн ач холбогдлын талаар судалгааны өгүүлэл танилцуулаад, олны мэдэх хотын биет эд зүйлсийг баримжаалан газар орон зааж дадсан уншигчдын дундаас маш олон хүний хувьд ертөнцийн зүг чигийн тухай ойлголт тийм ч чухал биш гэдгийг хараад гайхширсан түүхтэй. Сахарын оршин суугчид, эсвэл Эскимочуудын хувьд гайхамшигтай биет эд зүйлсээр баримжаалдаггүй, харин магадгүй салхи, болон салхины урсгалын үр дүнд хэлбэршсэн элс, цасны тогтоц барилмжаалсан тогтмол зүг чиг хэрэглэдэг байж болох юм.

Африк тивийн улс орнуудад үндсэн зүг чигүүдийг тоймлож хэрэглэдэггүй, тогтсон зүг чигүүдээр хэрэглэдэг хэдий ч өөрийн төрсөн газар нутгийнхаа зүгтэй харьцуулсан үндсэн зүг чигүүд зааж байж болно. Тийм ч учраас өөр өөрсдийн газар нутгийн зүгт хандуулж байршуулсан дэд хэсгүүдэд аяндаа хуваагддаг хэд хэдэн отогоос бүрдэх түр суурьшилийн талаар судлаач Жакард бүтээлдээ иш татдаг билээ. Тэрээр дараа нь өөрсдийн хувьд танил болоогүй хотуудад амжилттай худалдаа эрхэлдэг Францын томилгоот худалдаачдын талаар бүтээлдээ дурдсан байдаг. Тэд хотын онцгой чухал зүйлс, газар орны нэрсэд ач холбогдол өгдөггүй, харин галт тэрэгний буудал хүртэл буцах замын зүг чигийг оюун санаандаа зураглаж, худалдаа арилжааны ажлаа дуусмагц шууд л энэ зураглалаа санаж хэрэглэдэг ажээ. Өөр нэг жишээ болох Австралийн булш хиргисүүрүүдийг нас барсан хүний сүсэг бишрэлийн нутаг, онго шүтээний зүгт чиглүүлэн бүтээсэн байдаг.

Ертөнцийн зүг чиг, бие хүн төвт зүг чиг, ямар нэг суурь газар оронд чиглэсэн зүг чигийн аль нь ч бус байгалийн онцгой тогтоцын байршилтай холбогдох Тикопиа арлын жишээ нь газар орон баримжаалах өөр нэг тогтолцооны жишээ юм. Тус арал маш жижиг учраас аль ч байршилд далайн дуу чимээ, үзэгдэх байдлаас тусгаарлагдах боломжгүй бөгөөд арлын оршин суугчид орон зай баримжаалахдаа нутгийн гүний болон далайн чигийн гэсэн хэлцүүд хэрэглэдэг байна. (Линч, 1960: 129)

Хот, суурин газрын хэсэг нутаг дэвсгэрүүдээр (дүүргүүдээр) зүг чиг баримжаалж, хотын дүр зургийг зураглах нь уламжлалт дүүргүүд болон тэндхийн оршин суугчид харьцангуй тогтвортой, бие биенээсээ тусгаарлагдаж, ялгардаг байсан эртний хотуудад өргөн дэлгэр тархсан арга байлаа. Эзэнт Ром хотод тодорхой жижиг дүүргүүдийг дахин давтагдашгүй байдлаар нэрлэж, хотыг хаягжуулж байв. Магадгүй энэ мэтчилэн жижиг дүүргүүдийн нэршил хэрэглэж эхэлсэнээр хүмүүс өөрт тохирсон аргаар лавлаж, хүрэх газраа олж очих боломж олгож байсан ч байж болох юм. (Линч, 1960: 130) 

Дүр зураг бүрэлдэх нь. Хүний бие махбод маш дасан зохицомтгой, уян бөгөөд нэгэн адил гадаад бодит байдлыг харилцан адилгүй бүлэг хүмүүс харилцан адилгүй байдлаар зураглан хүлээж авдаг байж болно. (Линч, 1960: 131) ... Хатуу тогтсон хүрээлэн буй орчинд аливаа газар орон баримжаалж, ялгаж таних энэ чадвар тийм ч хялбар суудаггүй. Энэ чадварын мэдлэг ихэвчлэн мэргэжлийн хүмүүсээр хязгаарлагддаг байжээ. (Линч, 1960: 132) ... Тиймээс хүний ойлголтын уян хатан байдлыг тэмдэглэхийн зэрэгцээ гадаад биет байдал мөн адил чухал үүрэгтэй гэдгийг нэмж хэлэх ёстой. Хүний анхаарал татдаг, эсвэл анхаарал төрүүлдэггүй, зохион байгуулалт юм уу ялгаатай байдлыг хялбар болгодог, мөн түүнд эсрэг үйлчилдэг хүрээлэн буй орчин гэж байдаг. Энэ бол хүний дасан зохицох чадвартай тархи өөрт хамааралтай болон хамааралгүй зүйлсийг эргэн санахад хялбар байх, эсвэл төвөгтэй байх загварчлалын тогтолцоо юм. (Линч, 1960: 136) 

Дүрслэн зураглахын сул тал. Маш сайн үзэгдэх байдалтай хүрээлэн буй орчинд ч мөн сул тал байх боломжтой. Ер бусын утга санаа агуулсан орчин магадгүй практик үйл ажиллагаануудыг доголдуулж болох юм. (Линч, 1960: 138) ... Энэхүү хоёрдмол байдлыг бодлогоггүй (иррациональ) байдлаар ч болтугай хэрхэн шийдвэрлэсэн өвөрмөц жишээ бол газрын шинжээний тухай Хятадын зохиомол шинжлэх ухаан юм.5 Энэ бол номч мэргэдийн системчилж, тайлбарласан байгалийн хүрээлэн буй орчны нарийн төвөгтэй мэдлэг ажээ. Газрын шинжээний энэхүү арга ухаанд мод, чулуу, толгод удирддаг муу ёрын салхины талаар (аюултай нүх сүвүүдийг үзэгдэх байдал талаас нь хааж, мөн хурын усан цутгал, горхи, усан санд цуглах сайн усны сүнстэй хамт) судалдаг. Хүрээлэн буй орчны эд зүйлсийн хэлбэр дүрсүүд тэдгээрт агуулагдах янз бүрийн сүнснүүдийг бэлгэддэг гэж тайлбарладаг байна. Төвлөрсөн эсвэл сарнисан, гүнзгий эсвэл гадаргуу дээрх, цэвэр эсвэл холимог, сул эсвэл хүчтэй байж болох бөгөөд тэдгээрийг тарьж ургуулах, суулгах аргуудаар төдийгүй цамхаг, чулуу гэх мэт зүйлсээр дамжуулан хэрэглэж, удирдан залж, өсгөж болдог. Үүний тухай боломжийн тайлбарууд маш олон бөгөөд төвөгтэй байдаг. Энэ нь мэргэжилтнүүд бүх талаар судалж буй, цаашид хязгааргүй өргөжин тэлэх салбар юм. Зохиомол шинжлэх ухаан гэдэг үүднээсээ бодит байдлаас ангид байж болох ч бидний сонирхсон хоёр шинж чанар агуулж байдаг. Нэгдүгээрт: энэ нь шинэ утга учир, шинэ ойлголтууд бүхий, цаашид судлах боломж үргэлж нээлттэй, хүрээлэн буй орчны тухай нээлттэй судалгаа шинжилгээний арга юм. Хоёрдугаарт: энэ нь хүний алсын хараа, эрч хүч орчлон ертөнцийг удирдаж, түүнийг өөрчилж чадна гэдгийг онцлон, гадаад хэлбэр дүрс болон тэдгээрийн нөлөөг хянаж, ашиглахад хүргэдэг. (Линч, 1960: 139) 


Хавсралт В. Арга зүй 


Энэ хэсэгт өөрсдийн судалгаа, шинжилгээнд хэрэглэсэн санал асуулгын бүтэц, ярилцлагын асуултууд болон зураглалын материалуудыг дэлгэрэнгүй хавсаргасан байна. Хүмүүстэй ярилцсан ярилцлагын үр дүнд тэмдэглэж, дүрсэлсэн ноорог зургууд болон судалгааны багийн гишүүд өөрсдөө хотын орчинтой танилцаж, олж тогтоосон зүйлсийг дүрсэлсэн дэвсгэр зургуудыг зэрэгцүүлж хавсаргасан. Урт хугацааны ярилцлагын үр дүнд иргэд, оршин суугчдын хувьд ямар зүйлс хотын дүр зураг тодорхойлдог болохыг ноорог хэлбэрээр дэвсгэр зурагт буулган дүрслэх арга боловсруулсан нь тухайн үедээ шинэлэг үлгэр дуурайл болж байв. Тус судалгаанаас хойш энэ төрлийн арга зүйг оюун санааны зураглал (mental map) нэрээр өргөн хэрэглэх болжээ. Судалгааны үр дүнд олж тогтоосон зүйлс, боловсруулсан дүгнэлтүүд нь үндсэндээ хүмүүсийн оюун санааны зураглал болон хотын нутаг дэвсгэрт судалгааны багийн хийж гүйцэтгэсэн тэмдэглэл дэвсгэр зургуудын давхцал дээрх асуудлуудын нэгдсэн тайлбар юм. 


Хотын дүр зургийн үндсэн ойлголтуудыг Америкийн хотуудын жишээгээр судлаж, цаашид анхаарах зүйлсийг олж тогтоохын тулд амьдарч буй хотынхоо тухай танилцуулах цөөн хүний санал асуулга, ярилцлага болон урьдчилсан зааварчилгаа авч судалгааны талбарт ажилласан ажиглагчдын олж илрүүлсэн хүрээлэн буй орчны дүр зургийн талаарх системчилсэн дүн шинжилгээ гэсэн хоёр үндсэн арга зүй ашигласан болно. Ялангуяа бидний судалгааны зорилтуудын нэг нь зохих арга зүй боловсруулах явдал байсан тул эдгээр арга техникүүдийн үнэ цэнэ чухал асуулт болох юм. Энэхүү нэг ерөнхий асуултын хүрээнд дараах хоёр ялгаатай асуулт хамаарна. А) Эдгээр аргуудын дагуу тодорхой дүгнэлтэнд хүрвэл тэр нь хэр үнэн байх вэ? Эдгээр арга зүй хэр найдвартай вэ? В) Эдгээр арга зүй хэр үр дүнтэй вэ? Олж тогтоосон дүгнэлтүүд нь төлөвлөлтийн шийдэл боловсруулахад тустай байж чадах уу? Судалгаанд зарцуулсан хүчин чармайлт үр дүнд хүрэх үү? (Линч, 1960: 140) 

Ажлын байранд зохион байгуулсан санал асуулга, ярилцлагаар нээлттэй хариулах боломжтой, дэлгэрэнгүй 7 асуултын хүрээнд ярилцага зохион байгуулсан. Ярилцлага тус бүр харьцангуй урт хугацаанд буюу ойролцоогоор 1 цаг 30 минут үргэлжилж байсан хэдий ч дийлэнх оролцогчид нилээд сонирхож, сэтгэл хөдлөлтэй оролцож байв. Үйл явцыг бүхэлд нь соронзон хальсанд буулгаж, дараа нь бүтэн бичлэг хийгдсэн ч гэсэн дууны өнгө хувирал, ярианы зогсолт зэргийг бичгээр бичиж тэмдэглэж авсан. (Линч, 1960: 142) 

Гурван хотын дүр зургийн талаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн ярилцлага, тэмдэглэл хөтөлсөн ноорог зураг болон бидний өөрсдийн олж тогтоосон зүйлсийг 35-аас 46 дугаар зурагт6 үзүүлэв. Хотуудыг харьцуулах зорилгоор ижил хэмжээсээр (масштабаар), ижил таних тэмдгүүд ашиглаж дэвсгэр зургууд гүйцэтгэсэн. (Линч, 1960: 144)  


Төгсгөлд нь цаашдын судалгаа, шинжилгээний чиглэл, анхаарах асуудлуудад уншигчдын анхаарлыг хандуулан доорх сэдвүүдийг нээлттэй дурджээ. Хот, суурин газрын хүрээлэн буй орчин бүрдүүлж буй бүтцийн хэсэг, элемент тус бүрийг задлан шинжилж, судалж мэдсэний үндсэн дээр сайжруулан зохион байгуулж, төлөвлөж, бүтээн байгуулахдаа эргээд хотын орчин бүхэлдээ олон элементүүдээс бүрдсэн нэгдмэл цул зүйл гэдэг ойлголт нэн чухал болох, үргэлж анхаарч байх шаардлагатайг давтан сануулсан байна. 


Тус судалгааны ажлын хүрээнд судалсан гурван хотоос илүү олон хотын орчинд харьцуулсан судалгаа гүйцэтгэх тохиолдолд хотын хүн амын тухай бидний мэдлэг улам баяжих нь дамжиггүй юм. Нэн эртний болон шинэ хот, цогц болон тархсан хот, нягтрал ихтэй болон сийрэг хот, өндөр түвшний эмх цэгц, зохион байгуулалттай болон эмх замбраагүй хотуудын хувьд бүхий л хотжилтын онцлог үйл явц харилцан адилгүй хотын дүр зураг үүсгэдэг. Жижиг тосгоны талаарх олон нийтийн ойлголт Манхэттэнийхээс хэр ялгаатай байх вэ? Нуурын эрэгт байрлах хот, суурин газар төмөр зам дагуух хот, суурингаас илүү хялбар төсөөлөгддөг үү? Энэ мэт судалгаанууд хот төлөвлөгчдийн зурж боловсруулах биет зүйлс хотын оршин суугчдад хэрхэн нөлөөлдөг тухай арвин материалын сан бүрдүүлж чадна. 

... Үндсэн ялгаа нь мөн хотуудыг харж, мэдэрч буй хүмүүсээс үүдэлтэй байж болно. Хот төлөвлөлт дэлхий дахины мэргэжил болох хэрээр хот төлөвлөгчид цаашид бусад улс орны хүн амд зориулсан төлөвлөлтийн үйл ажиллагаануудад оролцож эхлэх бөгөөд Америкийн олж нээсэн зүйлс хэсэг бүлэг соёлоос үүсэлтэй энгийн зүйл биш гэдгийг нягтлах нь нэн чухал асуудал болох юм. Энэтхэг хүн өөрийн хотоо, эсвэл Итали хүнийг хэрхэн хардаг вэ? (Линч, 1960: 157) 

... Хотын дүр төрх зөвхөн гадна үзэгдэх байдлын үр дүн бус, мөн түүнчлэн тухайн хотыг харж мэдэрч байгаа хүмүүсийн дүгнэлт болохыг бидэнд дахин сануулж байна. Тийм учраас мэдлэг, боловсролоор дамжуулан хотын дүр төрхийг сайжруулах боломжтой ч байж болох юм. Музей, танилцуулга яриа, хотын тойрон аялал, сургуулиудад зохион байгуулах боломжтой төслүүд гэх мэтчилэн хүмүүсийг хотынхоо орчинд зөв чиглүүлж сургах боломжтой арга аргачлалуудад суурилсан хэрэгтэй судалгаа хийж боломж байна. Үүнтэй холбогдуулан газрын зураг, тэмдэг, тэмдэглэгээ, бүдүүвч зураглал, чиглэл заагч төхөөрмжүүд гэх мэт хотын таних тэмдгүүдийн арга, аргачлалуудын боломжит хэрэглээ байж болох юм. Хот бүрдүүлж буй үндсэн эд зүйлсийн харилцааг тайлбарлаж чадах хотын дүр зургийн хөгжилд тустай арга хэлбэрээр, бэлгэ тэмдгийн бүдүүвчүүдийн ололттой, шинэлэг хэрэглээгээр дамжуулан эмх замбараагүй мэт харагдаж буй ертөнцийг ойлгомжтой болгож болно.

Цаашдын судалгааны магадгүй хамгийн чухал чиглэл буюу хотын дүр зураг бол хотын элементүүд, хэв маяг, эрэмбэ дарааллууд хоорондын харилцан авцалдаанаас тогтох нэгдмэл ойлголт гэж хүлээж авдаггүй байдлын талаар өмнө нь хэд дахин дурдсан билээ. Хотын тухай ойлголт нь мөн чанартаа цаг хугацаатай холбогдох үзэгдэл бөгөөд асар том хэмжээс бүхий бодит зүйл рүү хандуулж байдаг. Хэрэв хүрээлэн буй орчныг органик цул гэж ойлговол түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийг оршин байгаагаар нь тодруулах явдал нь ердөө энгийн алхам болох юм. Бүхэл зүйлсийг ойлгох, удирдах, эсвэл ядаж олон хэсэгт хуваагдсан бүтэц, эрэмбэ дарааллын асуудлуудыг хэрхэн зохицуулах арга зам эрж олох нь туйлын чухал билээ. (Линч, 1960: 158) 




Зүүлт:


1 Imageability буюу 'Дүр зураглалын боломж, чадвар’ гэсэнг утгачилж хөрвүүлэв.
2 Судалгааны арга зүйн талаар мөн “Хавсралт В” хэсэгт дэлгэрэнгүй танилцуулсан байна.
3 South Station буюу ‘Өмнөд өртөө’ гэж дурдсаныг утгачилж хөрвүүлэв.
4 District буюу ‘дүүрэг’ гэж дурдсаныг утгачилж хөрвүүлэв.
5 de Groot, J. J. M. (1912). Religion in China, New York, G. P. Putsnam’s
6 Аман ярилцлагаар олж тогтоосон Бостон хотын дүр зураг,
Ноорог зураг дээрээс олж тогтоосон Бостон хотын дүр зураг,
Бостон хотын онцлог зүйлс,
Бостон хотын судалгааны талбарт тэмдэглэгдсэн үзэгдэх хэлбэр дүрс, 

Аман ярилцлагаар олж тогтоосон Жерси хотын дүр зураг,

Ноорог зураг дээрээс олж тогтоосон Жерси хотын дүр зураг,
Жерси хотын онцлог зүйлс,
Жерси хотын судалгааны талбарт тэмдэглэгдсэн үзэгдэх хэлбэр дүрс, 

Аман ярилцлагаар олж тогтоосон Лос Анжелс хотын дүр зураг,

Ноорог зураг дээрээс олж тогтоосон Лос Анжелс хотын дүр зураг,
Лос Анжелс хотын онцлог зүйлс,
Лос Анжелс хотын судалгааны талбарт тэмдэглэгдсэн үзэгдэх хэлбэр дүрс 




Тайлбар:


Энэхүү тойм, тэмдэглэл нь тухайн номын талаарх тэмдэглэл хөтөлсөн зохиогчийн онцолсон тэмдэглэл бөгөөд бусад ямар нэгэн хувь хүн, байгууллагын ашиг сонирхол тусгаагүй болно. Мөн номын зарим хэсгийг арилжааны бус, зөвхөн танин мэдэхүйн зорилгоор түүвэрлэн орчуулж хавсаргав. С.Амгалан, 2021 он