Европын хот ба бүс нутаг төлөвлөлтийн салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны тухай тойм тэмдэглэл

Тогтолцоо:

1984 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Хот ба бүс нутаг төлөвлөлтийн сургалт, судалгааг дэмжих холбоо(цаашид ХБНТССДХ) Франц хэлтэн орнуудын нийт 29 дээд боловсролын сургалтын байгууллагуудад заадаг “Хот ба бүс нутаг төлөвлөлт” мэргэжлийн 50 хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх, боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд 1985 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Орон зайн төлөвлөгчдийн Европын зөвлөл(цаашид ОЗТЕЗ) болон 1911 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Францын хот төлөвлөгчдийн холбоо(цаашид ФХТХ) -ны боловсруулсан Европын хот төлөвлөгчдийн тунхаглалын үзэл санаа, шаардлагуудыг “Хот ба бүс нутаг төлөвлөлт” мэргэжлийн дээд боловсролын хөтөлбөрт тусгах, сурталчилах чиглэлээр ажилладаг. 

ОЗТЕЗ болон ФХТХ 2013 онд Барселон хотод хуралдаж 21 дүгээр зууны Европын хот төлөвлөгчдийн тунхаглалбаталсан. Энэхүү тунхаглалд хот ба бүс нутаг төлөвлөгч мэргэжилтний ёс зүй, хариуцлага, ёс суртахууны хэм хэмжээ (деонтологи) -нд баримталвал зохих, мөн эдгээрийг мэргэжлийн мэдлэг, ур чадвартай уялдуулж ажиллах чиглэлүүдийг үндсэн гурван агуулгын хүрээнд тунхагласан. Тунхаглалын үзэл санааг товчлон дурдвал:


Салбарын хөгжлийн үндсэн зорилтууд:

Европын хотууд, суурин газрууд, нийт нутаг дэвсгэрийг амьдрал өрнөсөн, амьдрахад таатай орчин болгоход зорих (villes et de territoires forts et agréables à vivre), үүний тулд:


Хүн бүрийн тэгш эрхийг хүндэтгэх тэгш байдалд суурилсан үнэт зүйлсийн суурь ойлголт болон хууль дээдлэх ёсонд суурилсан;
Орон нутгийн эрэлт, хэрэгцээг харгалзан, бүх иргэдэд тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлсэн;
Хүний амьдралын сайн сайхан байдал, байгалийн эко тогтолцооны тогтвортой байх нөхцөл хангасан;
Европын улс орнуудын хил дамнасан нийтлэг ашиг сонирхол төдийгүй мэргэжлийн салбарын ашиг сонирхлыг нэгтгэсэн хот, суурингууд төлөвлөж, бүтээн байгуулахад зорино.


Салбарын хөгжлийн алсын хараа:

Европын хотууд, суурин газрууд, нийт нутаг дэвсгэрийн хөгжлийн алсын хараа нь хот ба нутаг дэвсгэрийн нэгдмэл сүлжээнд суурилсан байна. Үүний тулд: 


Хүн бүрийн сайн сайхан байдал, амьдралын чанарт хувь нэмэр оруулах;
Илүү үр ашигтай, өрсөлдөх чадвартай орчин бүтээх;
Талуудын хамтын ажиллагааг дэмжих;
Олон зуун жилийн түүхэн өв болсон соёлын олон янз, баялаг байдлыг хадгалах;
Нийгэм, соёлын харилцааг илүү нягт холбох;
Байгалийн эко тогтолцоог хот, суурингуудын хөгжилд нэгтгэх, хадгалах;
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэнэ.


Хот ба бүс нутаг төлөвлөгч мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн нийтлэг шаардлага:

Хот төлөвлөгчид нь нийтийн болон нийгмийн урт хугацааны ашиг сонирхолд тустай үйл ажиллагаа эрхлэх үндсэн үүрэг хүлээдэгээрээ онцлог мэргэжилтэн болно. Хот төлөвлөгчид бол маргаашийн Европын хөгжлийг сахин хамгаалагчид юм. Энэхүү үүргийг биелүүлэхийн тулд Европын нийгэм дэх цаг үеийн өөрчлөлтүүдийг илүү тогтвортой, аюулгүй ирээдүй рүү чиглүүлэн төлөвлөж хөгжүүлэх явдал зайлшгүй чухал билээ. Европын бүс нутагт тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахын тулд “хот ба бүс нутаг төлөвлөлт” мэргэжлийн хөтөлбөр боловсруулахдаа дараах мэргэжлийн зарчимууд баримталсан болно. Үүнд:


Маргаашийн Европын тогтвортой хөгжил, дэвшлийг бататгахад шаардлагатай алсын хараа, үйл ажиллагааг сурталчлах;
Европын нийгмийн ирээдүйн төлөвийн чиглэлээр ажилладаг бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах;
Орон нутаг, хот, суурин газар, нутаг дэвсгэр, Европыг бүхэлд нь тогтвортой хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрээр дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх зарчим баримталсан.


Хот төлөвлөгч мэргэжилтний үүрэг:


Эдийн засгийн үр өгөөж, үр ашигтай төлөвлөлтийн талаар бүрэн ойлголт, зохих мэдлэгтэй байх, тус агуулгыг төлөвлөлтөнд баримтлах;
Амьдралын чанарын талаар бүрэн ойлголт, зохих мэдлэгтэй байх, тус агуулгыг төлөвлөлтөнд баримтлах;
Байгаль, хүрээлэн буй орчны талаар бүрэн ойлголт, зохих мэдлэгтэй байх, тус агуулгыг төлөвлөлтөнд баримтлах үүрэг хүлээнэ.



_

1 Association pour la promotion de l'enseignement et de la recherche en aménagement et en urbanisme - APERAU, www.aperau.org

2 European Council of Spatial Planners, ECTP-CEU, www.ectp-ceu.eu

3 La Société française des urbanistes, www.urbaniste.com

4 Le Conseil Européen des Urbanistes. (2013). Charte de l’Urbanisme Européen. Barcelona



2020 оны 6 сар