Япон
Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад төдийлөн удаагүй байхад буюу 1950 онд Архитектор болон барилгын инженерийн тухай Япон улсын хуулийг яаравчлан баталжээ. Энэхүү хууль Японы эрчимтэй хөгжил, бүтээн байгуулалтын жилүүдэд бодит үүрэг гүйцэтгэж, эерэг үр дагаварууд дагуулсаар иржээ. Харин 2005 оны үеээс удаа дараалан тохиолдсон хүчтэй газар хөдлөлтүүдийн үр дүнд тухайн хуулийг эргэн авч үзэх зайлгүй, шинэ шаардлага үүссэн хэдий ч холбогдох яамнаас (Газар, Дэд бүтэц, Зам Тээврийн Яам – Ministry of Land, Infrastructure and Transport) хэрэгцээтэй шинжилгээ судалгаанууд хийсээр, шинэчилсэн хуулийн төсөл боловсруулан 2008 оны 12 сард батласан байна.
Итгэмжлэгдсэн архитекторын зэрэг олгох, баталгаажуулах тогтолцоо нь дайны дараах бүтээн босголтын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагаа хангасан барилга, байгууламжуудыг их хэмжээгээр барьж байгуулахын тулд стандарт, норм, дүрмийн шаардлага хангасан зураг төсөл олон тоогоор зохиож боловсруулах зорилго дээр үндсэлэж байв. Өөрөөр хэлбэл чанараас илүү тоо хэмжээг бүх шатанд үндэс болгож байв. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт тогтмол түвшинд хүрч нийгмийн хэрэгцээний эхэн үеийн дүр зураг өөрчлөгдөхийн хэрээр барилга, байгууламжид архитектур төлөвлөлт ба хийц бүтээцийн уялдааг хангуулах асуудлуудыг илүү чухалчилж авч үзэх болжээ.
Япон улсын хэмжээнд мэргэшсэн архитекторын зэрэг эзэмших 3 шатлал байдаг. Нэгдүгээр зэргийн архитектор, хоёрдугаар зэргийн архитектор, модон хийцтэй барилгын архитектор гэсэн 3 шатлал байх бөгөөд 2010 оны байдлаар дээрх зэргүүдийн эрх эзэмшсэн 1 сая гаруй архитектор үйл ажиллагаа явуулж байна.
Нэгдүгээр зэргийн архитектор:
Нэгдүгээр зэргийн архитекторууд гэдэг нь бүх төрлийн барилга байгууламжын зураг төсөл зохион бүтээх зөвшөөрөлтэй архитекторууд юм. Энэ зэрэглэлд нийт 329 мянга гаруй архитектор бүртгэлтэй байна. Дөрвөн жилийн архитектур мэргэжлийн сургалт дүүргэж төгссөний дараа хамгийн багадаа хоёр жил ажиллаж туршлага эзэмшсэн мэргэжилтнүүд энэ шатлалын шалгалтанд хамрагдах боломжтой. Шалтгалтыг онол, практикийн асуултуудад хариулах; өгөгдсөн даалгаварын дагуу төлөвлөлт зохиож, гүйцэтгэх хэмжүүрүүдээр үнэлэх хэлбэрээр зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд нийт шалтгалтанд хамрагдагсдын 10% нь амжилттай шалгарч байна.
Хоёрдугаар зэргийн архитектор:
Хоёрдугаар зэргийн архитекторууд гэдэг нь хэмжээ, хийц болон үйл ажиллагааны хувьд тухайлан заасан барилга, байгууламжуудын зураг төсөл зохиох зөвшөөрөлтэй архитекторууд юм. Энэ зэрэглэлд нийт 706 мянга гаруй архитектор бүртгэлтэй байна.
Модон бүтээцтэй барилгын мэргэшсэн архитектор:
Дөрвөн жилийн архитектур мэргэжлийн сургалтанд хамрагдсаны дараа энэ шатны мэргэшсэн архитекторын шалгалтанд орох боломж үүснэ. Одоогоор нийт 15 мянга гаруй архитектор энэ мэрэгшлийн зэрэг эзэмшиж байна.
Нэгдүгээр зэргийн бүтээцийн инженер:
Том хэмжээний барилга, байгууламжуудын зураг төсөл, өндөр зэрэглэлийн хийц бүтээцийн тооцоог иж бүрэн тооцож боловсруулах шаардлагатай хэрэгцээг үндэслэн Нэгдүгээр зэргийн бүтээцийн инженерийн зэрэг олгодог. Нэгдүгээр зэргийн архитекторын зэрэгтэй 5 жил ажилласаны дараа тусгайлсан сургалтанд хамрагдаж шалгарснаар энэхүү зэрэг эзэмших эрх баталгаажна.
Нэгдүгээр зэргийн механикийн (халаалт, салхивчийн) инженер:
Том хэмжээний барилга, байгууламжуудын зураг төсөл, өндөр зэрэглэлийн механикийн тооцоог иж бүрэн боловсруулах шаардлагатай хэрэгцээг үндэслэн Нэгдүгээр зэргийн механикийн инженер зэрэг олгодог. Нэгдүгээр зэргийн архитекторын зэрэгтэй 5 жил ажилласаны дараа тусгайлсан сургалтанд хамрагдаж шалгарснаар энэхүү зэрэг эзэмших эрх баталгаажна.
Архитектор ба барилгын инженерийн тухай Япон улсын хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтууд:
Шинэ хууль батлагдахаас өмнө мэргэшсэн архитекторын эрх олгох шалгалтын тулгуур хэсэг болох магадлан итгэмжилэгдсэн сургуулийн мэргэжлийн боловсролын гэрчилгээ, тухайн сургуулийн хөтөлбөрийн шалгууруудыг үндэслэн шалгалтанд хамруулдаг байжээ. Харин шинэчилсэн найруулгад сургууль тус бүрийн сургалтын төлөвлөгөөний харилцан адилгүй байдлыг харгалзан үзэж, хөтөлбөр тус бүрт заавал агуулагдах тодорхой тооны мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийн сургалтын цагийг үндэслэн зэргийн шатны шалгалтанд оролцуулахаар заасан байна.
Мэргэшсэн архитекторын гэрчилгээ нь архитектруын зураг төсөл зохиох, боловсруулах, барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт, шалгалт гүйцэтгэх эрхийг итгэмжлэх албан ёсны гэрчилгээ юм. Энэ үүднээс авч үзвэл барилгын зураг төсөл зохиох, угсралтад хяналт, шалгалт гүйцэтгэхээс бусад барилга, байгууламжтай холбоотой үйл ажиллагаануудыг архитекторын үүсрэг, хариуцлагаас гадуур үлдээсэн байдлыг шинэ хуулийн дутагдалтай тал гэж үздэг байна.
Магистрын шатны сургалт дүүргэсэн архитекторууд 2 жил ажиллаж мэргэжлийн дадлага эзэмшисэн эрхийг шууд дүйцүүлэн авдаг байсан бол шинэчилсэн хуулийн дагуу сургууль төгссөний дараа заавал ажиллаж туршлага эзэмшисэн байх шаардлагыг хуульчилсан байдаг. Магистрын шатны академик сургалтын хөтөлбөр нь ажлын талбарт эзэмших дадлага, туршлагатай ижил хэмжүүрт авч үзэх боломжгүй зарчим баримталсан байна.
Удирдах албан тушаалын архитекторуудад тавигдах шаардлага:
2008 оноос өмнө мэргэшсэн архитекторын зэрэг авснаар Удирдах албан тушаалын архитекторын гэрчилгээг зэрэг авах боломжтой байсан бөгөөд энэхүү гэрчилгээг үндэслэн Архитектурын зураг төслийн байгууллага байгуулах боломжтой байсан. Шинэ хуулийн дагуу энэхүү зэрэг эзэмшихийн тулд 4 жилийн мэргэжлийн сургалт дүүргэж, 3 буюу түүнээс олон жил мэргэжлийн дадлага туршлага эзэмшсэний дараа Удирдах албан тушаалын архитекторын сургалтанд хамрагдаж төгссөн байх шаардлага бий болсон.
Өмнөд Солонгос
Бүгд Найрамдах Солонгос Улс буюу Өмнөд Солонгосын Газар, Зам тээвэр, Далайн хэрэг эрхлэх Яам (Ministry of Land, Transport and Maritime Affairs) -ны 2008 оны тоо баримтад бичигдсэнээр мэргэшсэн архитекторын бүртгэлтэй 16 мянга гаруй архитектор тус улсад ажиллаж байна. 2009 оны 9 сард зохион байгуулсан шалгалтанд 5,633 архитектор хамрагдсанаас 8.1% буюу 454 архитектор тэнцэж мэргэшсэн архитекторын гэрчилгээ авчээ. Мэргэшсэн архитекторыг баталгаажуулах тогтолцоо (Architect Qualification Examination) нь:
Барилга, байгууламж баригдах газар нутгийн төлөвлөлт, зураг төсөл
Барилга, байгууламжын төлөвлөлт зураг төсөл, 1-р хэсэг
Барилга, байгууламжын төлөвлөлт зураг төсөл, 2-р хэсэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Шалгалтын үйл ажиллагааг нийт 9 цагийн турш зохион байгуулдаг.
Архитектур төлөвлөлт,Барилгын бүтээц,Барилгын угсралт,Барилгын норм дүрмийн Захиалгат Шалгалт (Architect’s Reserve Examination) -ыг урьдчилан хамгаалсан байх шаардлагатай.