1980-аад оны сүүлээс 2000-аад оны эхэн үе хүртэл АНУ-д хип-хоп соёл үлэмж хурдтай түгэн дэлгэрч хотын соёлын салшгүй нэг хэсэг болсон билээ.
Амьдралын өдөр тутмын түгээмэл асуудлуудыг бодит байгаа байдлаар нь үгээр илэрхийлж үглэх үзэл санаа давамгайлж байсан нь хийсвэр, үлгэрчилсэн тайзны урлагийн үзэл санаанаас ялгаатай байв. Үүнийг дагаад зөвхөн дууны үг, утга санаа төдийгүй уран бүтээлчдийн хувцаслалт, гадаад төрх байдал зэрэгт өдөр тутмын, энгийн хэв загвар давамгайлж байлаа.
Өргөн өмд, саравчтай малгай, ажилчдын хангамжын комбинзон, спортын өмсгөл гэх мэт энгийн хувцаслалт нь хэрэглэгч нийгмийн үзэл санаанд суурилсан өнөө цагийн гял цал хип-хоп соёлын үзэл санаанаас эрс ялгаатай хэв маяг байлаа.
Дээр дурдсан цаг үеийн хип-хоп урсгалын олны хүртээл болсон 51 дууны дүрс бичлэгийг визуаль антропологийн аргаар судалж, тэнд гарч буй хувцас загваруудыг тэмдэглэн, дүрсэлж зурлаа.
Тодорхой найруулагчийн санаа шийдлээр, эсвэл уран бүтээлчид өөрсдийн санаагаар дүрсжүүлсэн аль ч тохиолдол байсан энэ цуглуулгаас бид тухайн үед өргөн хэрэглээний хувцас үйлдвэрлэгч ямар үйлдвэр давамгайлж байсан талаар төдийгүй, тухайн уран бүтээлчид өөрсдийн уугуул хот, дүүрэг, нэрсээ бүтээлч аргаар хэрхэн онцлон илэрхийлж байсан, ямар шашин шүтлэгтэй байсан, хүйсийн харьцаа болон нийгмийн давхарга ямар байсан талаар гэх мэт хотын антропологи, хотын этнографын арвин мэдээлэл харж болно.